Мета компани хэрэглэгчдэдээ зориулан “Зак Бакс” нэртэй виртуал койн  гаргахаар төлөвлөжээ

Технологи-360

Сүүлийн хагас улиралд сурталчилгааны орлого нь анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан Мета компани хэрэглэгчдийнхээ итгэлийг эргэн олж авахын тулд шинэ төрлийн төлбөрийн токен гаргах ажлыг эхлүүлээд байна. 

Өмнө нь Мета нь криптовалют гаргах мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд Diem Association-тэй хамтран ажилласан ч энэ нь талаар өнгөрсөн. Гэсэн хэдий ч тус компани санхүүгийн бүтээгдэхүүн гаргах оролдлогоо үргэлжлүүлэн эрэлхийлж судалгаа хийж байгаа  талаар Financial Times сэтгүүлийн шинэ тайланд дурджээ. 

Фэйсбүүк болон Instagram-ын толгой компани Метагийн мэдэгдэж байгаагаар, шинэ төлбөрийн токеноо тэд "Зак Бакс" гэж нэрлэсэн байна.

Meta-г үүсгэн байгуулагч, СИО, гүйцэтгэх захирал Марк Зукербергийн нэрээр нэрлэгдсэн Зак Бакс нь криптовалют бол биш. Харин алдартай хүүхдийн тоглоом Roblox платформд ашигладаг дижитал мөнгөн тэмдэгт Robux -тай төстэй гэж хэлж болно.

Roblox нь Robux валютын  асар том бизнесийг бий болгосон,  яг үүн шиг амжилттай бизнесийг Мета өөрийн платформ дээр хийх гэж оролдож байгаа нь энэ юм.

Үүнээс гадна, Мета нь Facebook-ийн группт чухал хувь нэмэр оруулсан админуудад урамшуулал болгон олгох "нийгмийн токен",  "нэр хүндийн токен" зэргийг судлан хөгжүүлж байгаа талаар мэдээлэл өгөөд байна. Мөн жижиг бизнесийн зээл зэрэг уламжлалт санхүүгийн үйлчилгээг ч нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Мета-гийн хэвлэлийн төлөөлөгч Лорен Диксон The Verge-д өгсөн ярилцлагадаа "Яг одоогоор оролдлогууд маань бүрэн дуусаагүй болохоор шинэ мэдээлэл алга байна аа. Бид өөрсдийн хэрэглэгчид, бизнес эрхлэгчид, контент бүтээгчдэд зориулсан бүтээгдэхүүн шинээр гаргахыг үргэлж эрэлхийлдэг. Компанийн хувьд метаверсийг бий болгоход гол анхаарлаа төвлөрүүлж байна, тухайлбал төлбөрийн арга хэрэгсэл, санхүүгийн үйлчилгээ ямар байж болохыг судалж байна." гэжээ.