Ковид-19

ДЭМБ-аас мэдээлж байгаагаар COVID-19 шинэ коронавирус дэлхий даяар 12 саяд хүрэхэд ойртоод байна. Түүнчлэн цар тахлын дэгдэлт хамгийн өндөр байгаа АНУ-д коронавируст халдварын тоо 3 саяд хүрчээ. ДЭМБ, улс орнуудад хандан цар тахлын дэгдэлт буураагүй, халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг анхааруулж байна.

ДЭМБ, Жон Хопсинсын их сургуулийн мэдээллээр өнөөдрийн байдлаар дэлхий даяар цар тахлын нийт 11 сая 600 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эдгэсэн хүний тоо дэлхийд 6 сая 270 мянгаар тоологдож байгаа бол нас барсан тохиолдол 537 мянгад хүрчээ.

Цар тахлын халдварын тоогоор ДЭМБ-ын жагсаалтын эхэнд бичигдэж байгаа АНУ-д халдварын тоо 3 саяд хүрч, сүүлийн нэг хоногт 46 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ улсад илэрсэн 3 сая тохиолдлоос 900 мянга нь эдгэж, нас баралт 132 мянга байгаа юм. Америкт хүн амынхаа дунд цар тахлын илрүүлэн тест байнга тогтмол явуулж байгаагаас илэрсэн тохиолдлын тоо өндөр байгаа талаар энэ улсын конгресс мэдээлж байгаа юм.

Өмнөд Америкт цар тахлын нөхцөл байдал хүнд, тэр дундаа халдварын тоогоороо жагсаалтын 2-р мөрөнд бичигдэж байгаа Бразил улсад хамгийн олон халдвар илэрч, нас баралт ч өндөр байна. Бразилд цар тахлын нөхцөл байдал хүнд байгааг үл харгалзан энэ улсын томоохон хот болох Сан Паулуд бизнесүүд хэвийн үргэлжилж, хорио тогтоогоогүй байна.

Тэгвэл Казахстан, Испани зэрэг оронд цар тахлын дэгдэлт дахин идэвхжсэнээс хөл хорио, карантины дэглэмийг дахин мөрдөж байгаа юм.