Ковид-19

Коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 13-аар нэмэгдлээ. Афганистан Улсад энхийг сахиулж байсан 10 албан хаагчаас илэрсэн байна. Мөн тусгаарлалтад байсан гурван иргэн халдвартай болох нь тогтоогдлоо. Гурван иргэний тухайд эхний хоёр шинжилгээний хариу сөрөг гарсан болов ч гурав дахь шинжилгээгээр вирус илэрсэн байна. 21 хоног тусгаарлаж, олон дахин давтан шинжилгээ хийж байгаа нь зөв алхам болж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Долдугаар сарын 13-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад 168 хүний сорьцод шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.  Харин 13 хүний сорьцод коронавирус илэрчээ. Тэдний 10 нь Афганистан Улсаас ирсэн Зэвсэгт хүчний дайчид байсан байна. Мөн  ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурав иргэний 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

13  ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 243 БОЛЛОО  

Ийнхүү өнөөдөр лабораторийн шинжилгээгээр 13 хүнд коронавирус илэрч Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 243 боллоо. Мөн өнөөдрийн сайн мэдээ 1 хүн эдгэрч нийт эдгэсэн хүний тоо 204 болж байгаа юм. Эдгэрсэн иргэн нь 46 хоног эмчлэгдсэн суурь сахарын шижин өвчтэй, 52 настай эмэгтэй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Одоогоор 39 хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын эдгэрэлтийн хувь өндөр байгааг онцоллоо.  

КОРОНАВИРУСНИЙ ЭДГЭРЭЛТИЙН ДЭЛХИЙН ДУНДАЖ 53%, МАНАЙ УЛСЫНХ 83% БАЙНА

Төр засгийн зүгээс коронавируст халдварыг тархаагүйн тулд  шат дараатай олон арга хэмжээг авч ажиллаж байгаа бол ЭМЯ-наас халдвартай иргэдийг эмчлэх, ард иргэддээ зөвлөгөө мэдээллийг цаг тутамд хүргэж байгаа юм. Тиймээс иргэдийг хариуцлагатай байж, өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байгааг санууллаа. Ингэхдээ цэвэр агаарт гарах, нарнаас витаминаа авах  гэх мэт уламжлалт аргаар биеэ чийрэгжүүлэхийг ЭМЯ-наас зөвлөлөө.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ