Ковид-19

Дэлхий дахинд 13,659,000 хүн коронавируст халдвараар өвчилж 595,000 хүн эндсэн байна. Харин 7.9 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сүүлийн 24 цагт 209,000 хүн шинээр халдвар авч 5000 гаруй хүн эндсэн үзүүлэлттэй байна. Шинэ тохиолдлыг өмнөх өдөртэй харьцуулахад өвчилсөн хүний тоо 7 мянгаар нэмэгдэж, нас барсан хүний тоо ижил түвшинд байгааг ЭМЯ мэдээллээ. Ингээд дэлхий дахинд Ковид-19 халдвар, тархалтын талаарх мэдээллийг хүргье.

Ковид-19 халдварын тоогоор АНУ, Бразил, Энэтхэг, ОХУ,Перу, Чил, Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Их Британи, Иран улс тэргүүлж байна. Харин нас баралт АНУ, Их Британи, Мексик, Бразил, Итали, Испани, Франц зэрэг улсуудад их бүртгэгджээ. ДЭМБ-аас вирусний халдвар улам эрчимжиж байна, тиймээс дэлхий нийтийн эн тэргүүний асуудал коронавирус болоод байгааг тодотгожээ. Тиймээс улс орнууд хамтын эв нэгдэлтэй байхаас гадна ДЭМБ-аас өгч буй зай барих, амны хаалт зүүх, зөв ханиаж найтаах, шинж тэмдэг илэрсэн үед гэртээ байх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг энгийн зөвлөмжийг чанд дагаж мөрдөхийг анхааруулж байна.     

АНУ-Д КОРОНАВИРУСТ ХАЛДВАР АВСАН НИЙТ ХҮНИЙ ТОО 3,416,000 ГАРУЙ БОЛЖ 135,900 ГАРУЙ ХҮН ЭНДЛЭЭ

АНУ-д 7 сарын 15-ны өдөр 60,900 гаруй тохиолдол, 773 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 3,416,000 гаруй болж, 135,900 гаруй хүн эндсэн байна. АНУ-ын хувьд нийгмийн эрүүл мэндийн бүх тоон үзүүлэлтийн бүртгэлийг өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс холбооны улсын хэмжээнд нэгтгэн гаргадаг. Харин энэ удаа covid-19 халдварын өвчлөл, нас баралтын бүртгэлийг тус улсын засгийн газрын дэргэдэх эрүүл мэнд, хүний хөгжлийн департамент дээр төвлөрүүлэн нэгтгэхээр шийдвэрлэжээ.

БРАЗИЛ УЛСАД ӨЧИГДӨР 39,900 ГАРУЙ ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ  

Бразил улсад өчигдөр 39,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1,233 хүн нас барлаа. Тус улсад халдвар авсан хүний тоо өссөн дүнгээр 1,966,000 гаруй болсон бол одоогийн байдлаар 1.2 сая нь эдгэрчээ. Бразил улс халдвар авсан хүний тоогоороо 2-р бичигдэж байна.

ЭНЭТХЭГ УЛСАД СҮҮЛИЙН 24 ЦАГТ 29,400 ГАРУЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

БНЭУ халдвар авсан хүний тоогоороо 3-р бичигдэж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 29,400 гаруй тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн халдварын тоо нэг сая орчим буюу 971,169 болж байна.

БНСУ-Д БҮРТГЭГДСЭН ШИНЭ ТОХИОЛДЛУУДЫН 47 НЬ ГАДНААС, 14 НЬ ДОТООДЫН ХАЛДВАР БАЙНА  

Номхон далайн баруун бүсийн Солонгос Улсад өчигдөр 61 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн эндлээ. Шинэ тохиолдлуудын 47 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 14 нь тус улсын дотоодын халдвар байна.

ТОКИО ХОТОД ХАЛДВАР БУУРАХГҮЙ БАЙГАА ТУЛ ЭРСДЭЛИЙН ЗЭРГИЙГ ДӨРӨВДҮГЭЭР ШАТ РУУ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Япон улсад өчигдөр 288 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ халдварын дийлэнх нь буюу 280 нь Токио хотод бүртгэгдсэн байна. Иймд Токио хотын эрсдлийн зэргийг дөрөвдүгээр шат руу ахиулжээ.

ХОНКОНГ СУРГУУЛИУДЫГ ХААЖ, ЗАЙНААС ХАРИЛЦАХ ДҮРМИЙГ ЧАНГАТГАЛАА

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт өчигдөр шинээр 19 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 14 нь хүн амын дундах халдвар байсан талаар Хонконгийн эрүүлийг хамгаалах газраас мэдээллээ. Хонконгт сүүлийн долоо хоногийн турш шинэ халдвар хүн амын дунд тархсаар байна. Үүнтэй холбоотойгоор сургуулиудыг хааж, зайнаас харилцах дүрмийг чангатгалаа. Халдвар анх дэгдсэнээс хойш Хонконгд нийт 1,588 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдээд байгаа юм.