Ковид-19

Дэлхийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцин гарган авах ажилд анхаарлаа хандуулсаар байна. Ихэнх туршилтууд гурван үе шаттай явагдаж байгаа юм. ОХУ-ын Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний хүрээлэнд явуулж байгаа коронавирусний вакцины сүүлийн шатны туршилт удахгүй эхэлж, дэлхийн хэмжээнд хамгийн эхэнд туршилтаа дуусгаж байгаа вакцин болохоор байна.

Энэ тухай Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдээлжээ. Тэрээр гуравдугаар шатны туршилтыг илүү олон хүн хамруулахаас гадна, гадны орнуудад туршилтыг явуулах тухай онцолсон байна. 8-р сарын 3-нд туршилтын ажил эхэлнэ. Туршилт амжилттай явагдвал албан ёсны зөвшөөрлийг 8-аас 9-р сард авахаар төлөвлөжээ. Шууд хөрөнгө оруулалтын сангийн урьдчилан тооцоолж буйгаар, ОХУ-д 2020 онд 30 сая тун вакциныг үйлдвэрлэхээр болсон байна. Шаардлагатай тохиолдолд 50 сая тунг бэлэн болгох боломжтой юм. Үүнээс гадна ОХУ-ын иргэдийг 2021 оны эхээр вакцинжуулж дуусна гэж тооцоолж байгаа тухай мэдээллээ. Өнөөдрийн байдлаар энэ улсад 759 мянган халдварын тохиолдол батлагдсаны 12 мянга нь нас барж, 539 мянган иргэн эдгэрчээ.