Ковид-19

ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр гишүүд Америкийн уугуул болон Африк гаралтай хүмүүс халдвар авах нь их байгаа тухай мэдээллээ. Тэдгээр хүмүүс нь халдвараас хамгаалж, иргэд хоорондоо зай баримтлах боломжгүй нөхцөлд амьдардаг.

Женев хотноо явагдсан ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус энэ сарын 6-ны байдлаар 70 мянга гаруй Америкийн уугуул иргэд коронавируст халдвар авсан тухай мэдээллээ. Эдгээр иргэдийн хоёр мянга гаруй нь халдварын улмаас нас баржээ. Хамгийн сүүлд гэхэд зургаан Нахуа үндэстэй уугуул буюу Индианчууд Перувиан Амазонд халдвар авсан нь батлагдсан. Уугуул иргэд нь өөрийн гэсэн хэл соёлтой, амьдралын хэв маяг нь биднийхээс харьцангуй өөр байдаг.

Үүнээс гадна ДЭМБ-ын яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Риан Африкийн Сахарын хэд хэдэн оронд өвчлөлийн тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байгаа тухай мэдээллээ. ДЭМБ-ын байгууллагын Техникийн зөвлөлийн удирдах Мариа Ван Герков улс орнуудын засгийн газраас нэгдсэн стратеги боловсруулан амны хаалтыг хүн ам олноор зорчдог газруудад заавал зүүхийг шаарддаг байх хэрэгтэйг анхааруулжээ. Ялангуяа иргэд хоорондоо зайтай байх боломжгүй газарт, олон нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт зүүх зарчмыг хатуу хяналттайгаар явуулдаг явуулдаг байх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн удирдлагууд Эбола вирусний тархалтад гарз хохиролд ихээр амссан Конго Улсад коронавирусний тархалт өндөр байгаа тухай мэдээллээ. 

Конго Улсын хувьд Эбола вирусийг анхнаасаа чухалчилж үзээгүй учраас олон иргэн халдвар авч, хүнд нөхцөлд орж байсан. Бусад орныг тэднээс суралцан, бие биедээ харилцан тусалж байх хэрэгтэйг ДЭМБ-ын удирдах зөвлөлийнхөн санууллаа. Өнөөдрийн шинэчилсэн мэдээллээр дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдол 14 сая 852 мянга болж,  613 мянган иргэн нас баржээ. Харин эдгэрсэн иргэдийн тоо есөн сая хүрсэн байна.