Ковид-19

Олон Улсын анагаах ухааны томоохон сэтгүүлд туршилтын дүн амжилттай гарсан хоёр вакцины талаарх мэдээлэл нийтэлжээ. БНХАУ болон Их Британид хийгдэж байгаа хоёр вакциныг хүн дээр туршихад дархлааны хариу урвал гарсныг онцолсон байна. Үүнээс гадна хүний биед гаж нөлөөгүй болох нь нотлогджээ. 

Ковид-19 коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж 14.6 сая /14,685,497/ хүн өвчилж, 613,814 хүн нас бараад байна.  Өвчилсөн хүний тоо болон нас баралтаар эхэнд эрэмбэлэгдэж байгаа зарим улс орны мэдээллээс хүргэе.

АНУ-д өвчилсөн хүний тоо 3.8 /3,830,045/ саяд хүрээд байна. Мөн цар тахлын улмаас 140 /140,906/ мянга гаруй хүн нас баржээ. Тус улсын 14 мужид нөхцөл хүнд байна. Өдөртөө эмнэлэгт хандах өвчтний тоо огцом нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй байдалд хүрчээ.

Бразилд 2,118,646 хүн өвчилж, 80,120 хүн нас баржээ.

Энэтхэгт өвчилсөн хүний тоо 1,155,338 хүрч, коронавируст халдварын улмаас 28,082 хүн нас барсан байна

ОХУ-д 776,212 хүн өвчилж, 12,408 хүн нас баржээ.

ХОНКОНГОД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООЛОО

БНХАУ-ын эх газарт 11 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эдгээр тохиолдлын 3 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Харин Хонконгод хүн амын дунд 66 тохиолдол шинээр бүртгэгджээ. Нөхцөл байдал хүнд, халдвар эрчимтэй тархаж байгаа учраас нийтийн албаны ажилчид гэрээсээ ажиллаж эхэлсэн. Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.

ОЛОН УЛСЫН АНАГААХ УХААНЫ ТОМООХОН СЭТГҮҮЛД ВАКЦИНЫ ДҮН АМЖИЛТТАЙ БОЛСОН ХОЁР ВАКЦИНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ НИЙТЭЛСЭН БАЙНА

БНХАУ болон Их Британид хийгдэж байгаа дээрх хоёр вакциныг хүн дээр туршсан, туршилт амжилттай болсныг онцолжээ. Их Британид хийгдэж байгаа вакцинд нийт 1077 хүн хамрагдсан. Эдгээр хүмүүст 14 хоногийн дараа дархлааны хариу урвал гарч эхэлжээ. Мөн 28 хоногийн дараа хийгдсэн судалгаагаар эсрэг биетний түвшин өндөр хувьтай гарсан байна. Харин БНХАУ-д хийгдэж байгаа вакцины туршилт Ухань хотод явагджээ. Мөн л эерэг үр гарсан байна.  Үүнээс гадна дээрх хоёр вакцин нь хүний биед гаж нөлөө үүсгээгүй болох нь нотлогджээ.