Ковид-19

Сүүлийн үед ковид-19 цар тахлын халдвар тусаад эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илрэх тохиолдол гарч байна.  Монгол Улсад эдгэрсэн 31 хүнээс дахин халдвар илрээд байгаа юм. Тиймээс ажиглалтаас гарсан иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөлөө. 

ХӨСҮТ 1 сарын 8-наас хойш 14,207 хүнд тандалт судалгаа хийсэн байна. Үүнээс халдвартай 287 тохиолдлыг илрүүлэн эмчилж байгаа. Гэвч эдгэрсэн иргэдээс дахин вирус илэрлээ. Халдварын эмчилгээг дунджаар 30 хоног хамгийн уртдаа 64 хоногт хийж байгаа. Энэ хугацаанд 4-6 удаагийн давтан шинжилгээ хийж коронавируст халдварыг илрүүлж байгаа юм.

А. АМБАСЭЛМАА: ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН 31.4 ХУВЬД ЯМАР НЭГЭН ШИНЖ ТЭМДЭГ ИЛРЭЭГҮЙ

Одоогоор сувилалд 36, гэрийн ажиглалтад 51, хяналт тандалт нь дууссан 126 хүн байна. Халдвар илэрсэн иргэдийн дунд судалгаа хийхэд ихэнхэд нь толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг илрсэн бол 31.4 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Эмнэлгийн хяналтаас гарсан 126 хүнд олон удаагийн давтан шинжилгээ хийж эмнэлгээс гаргасан. Бид эмнэлгээс гарснаас хойш сувилал, гэрийн ажиглалт гээд сар орчмын хугацаанд тандаж байгаа. Тиймээс эдгээр иргэдээс дахин шинжилгээ авахгүй. Харин  ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга Амбасэлмаа санууллаа.