ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалтыг хяналтандаа авах боломжтой

Үйл явдал

ДЭМБ, Африкаас үүсэлтэй сармагчны цэцэг өвчний тархалтыг бага дээр нь газар авхуулалгүй, тархалтыг хяналтандаа авах боломжтой гэж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар энэ өвчин Африкаас гадна дэлхийн 16 улс оронд илэрч, нийтдээ 100-аад тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Биеэр тууралт гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг энэ өвчин Европ, Америк, мөн Австрали тивд дэгдэж, 100-аад тохиолдол батлагдаад байна. ДЭМБ-ын мэдээллээр цаашид халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй ч тархалтыг хяналтанд авах боломжтой гэж үзэж байгаа юм. Мөн өвчний вирус мутацид ороогүй байгаа учраас хүн амд учрах аюул эрсдэл бага байгааг ч судлаачид хэлж байна.

ДЭМБ-ын Халдварт өвчний тархвар судлаач эрдэмтэн Мария Ван Керховегийн хэлснээр нөхцөл байдлыг бага дээр нь хяналтанд авах боломжтой гэдгийг онцолж, эндемик биш орнууд дахь халдварыг хүнээс хүнд дамжин халдварлахыг зогсоож чадна гэжээ. Сармагчны цэцэг өвчин нь сүүлийн 50-иад жилд Африк тивээс бусад газар оронд дамжин халдварласан анхны өвчин болжээ. Гэхдээ сармагчны цэцэг өвчин хүн хооронд амархан тархахгүй учраас коронавирустэй харьцуулахад аюул багатай гэж үзэж байна.