Lee-ji-eun

Ковид-19

БНСУ-д халдвар дахин эрчимтэй тархаж эхэлсэн. 24 цагийн хугацаанд тохиолдлын тоо 297-оор нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 16 мянгад хүрээд байна. Иймд баар, цэнгээний газар, фитнес зэрэг хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоож эхэлжээ. Дэлхийн улс орнууд цар тахалтай хэрхэн тэмцэж байгаа болон нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, халдвар авсан хүний тоо 22,048,034 хүрсэн байна. Мөн цар тахлын улмаас 787,335 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тохиодлдлын тоо дэлхий дахинд 234 мянгаар нэмэгджээ.

ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 22 САЯД ХҮРЛЭЭ

АНУ-д халдвар авсан хүний тоо 5,482,370 хүрсэн бол ковид-19 улмаас 171,808 хүн нас барсан байна.

Бразилд 3,407,354 хүн өвчилж, 109,888 нас барсан байна.

Тохиолдлын тоогоор Энэтхэг улс ДЭМБ-аас гаргаж байгаа тоон мэдээллийн гуравдугаар мөрөнд бичигдэж байна. Тус улсад өвчилсөн хүний тоо 2,702,742-т хүрсэн бол 51,797 хүн нас баржээ.

ОХУ-д 4784 хүн нэмж өвчилж нийт тохиолдлын тоо 930,276 мянгад хүрчээ. Мөн өчигдөр халдварын улмаас тус улсад 132 хүн нас барсан байна.

ЯПОН УЛСАД 918 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. БНХАУ-д 54 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 17 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан бол бусад нь дотоодын халдвар байжээ. Японд 918 хүн нэмж өвчилсөн байна. Мөн 24 цагийн хугацаанд буюу Мягмар гарагт 16 хүн цар тахлын улмаас амь насаа алджээ. Япон Улсад халдвар авсан хүмүүсийн судалгаа явуулахад залуучууд ихэвчлэн өвчилж байгаа тогтоогдсон байна. Тиймээс хүүхэд залуучуудыг олон хүн цугласан газраар зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд амны хаалт зүүх ёстойг анхааруулжээ.

БНСУ-Д ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЖ, БААР ЦЭНГЭЭНИЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЖЭЭ

БНСУ-д 297 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүний 14 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан бол бусад нь дотоодын халдвар байжээ. Сүүлийн өдрүүдэд БНСУ-д халдвар эрчимтэй тархаж эхэлсэн бөгөөд нийт тохиолдлын тоо 16 мянгад хүрээд байна. Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас шөнийн цэнгээний газар, баар, фитнес зэрэг олон хүн үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Мөн дотор арга хэмжээнд 50, гадаа 100 орчим хүнтэй арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргалаа.

ХАЛДВАР ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ХУРДАН ТАРХАЖ БАЙГААГ БНХАУ-ЫН ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

Сүүлийн үеийн судалгааны мэдээллээс хүргэе. БНХАУ-ын Ухань хотын эрдэмтэд халдвар гэр бүлийн хүрээнд илүү их тархаж байгааг олж тогтоожээ. Тиймээс хөнгөн балархай буюу эрт үедээ байгаа халдвар авсан хүмүүийг эрт илрүүлэх, тусгаарлах шаардлагатай гэжээ. Мөн гэртээ агаар сэлгэлт болон цэвэрлэгээг тогтмол хийх, гэр бүлийн гишүүн бүр өөрийн алчууртай байх зэрэг аргуудын хэрэглэхийг зөвлөжээ. Эдгээр аргууд нь энгийн боловч үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна.

Харин АНУ-ын болон олон улсын эрдэмтэд эмнэлзүйн шинж тэмдэггүй, хөнгөн балархай байгаа өвчтөний өтгөнөөс коронавируст халдвар ялгарч байна гэдгийг урьдчилсан судалгаагаар тогтоожээ. Иймд АНУ-ын өвчин судлалын төвийн эмч нар нийтийн цооногт тандалт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь халдварын цар хүрээг тогтоох зорилготой гэдгийг онцолжээ.