Ковид-19

АНУ-ын биотехнологийн “Модерна” компаниас гаргаж байгаа коронавирусийн эсрэг туршилтын вакцин бүх насны хүнд вирусийн эсрэг биет буюу дархлаа үүсгэж байгаа нь тогтоогдлоо. Энэ тухай тус байгууллага лхагва гарагт албан ёсоор мэдээлсэн байна.

Туршилтын эхний шатанд 18-71 насныханд вирусийн эсрэг биет үүсч байсан. Үүнээс гадна бага зэргийн сөрөг нөлөө үзүүлж байсан тухай Модернагийн халдварт өвчний эмчилгээний хэсгийн дарга доктор Жаклин Миллер Дархлаажуулалтын талаарх зөвлөгөөний хурлын үеэр мэдэгджээ. Эхний шатны туршилтад хамрагдсан хүмүүсийн насыг гурван ангилалд хуваан явуулсан байна. 18-55 насныхан, 56-70 насныхан, 71-ээс дээш насныхан гэж ангилсан. Тэдгээр хүмүүст 28 хоногийн зайтай хоёр удаа 100мг вакцин хийж туршсан байна.   Вирусийг идэвхгүйжүүлдэг эсрэг биет бүх туршилтад хамрагдсан хүнд илэрсэн байна. Үүнд хамгийн өндөр настай хүмүүс ч бас багтаж байгааг Жаклин онцолжээ. Ихэнх тохиолдолд 71-ээс дээш насны хүмүүс дархлаа муутай байдгаас вакцин хийлгэсэн ч эсрэг биет үүсэхгүй байх эрсдэл өндөр байдаг. Тус байгууллагын зүгээс мэдээлснээр вакцинтай холбоотойгоор ядрах, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг сөрөг нөлөө илэрч байсан байна. Ингэхдээ ихэвчлэн хоёр дахь удаагийн тарилгаар дээрх сөрөг нөлөө хоёр өдөр орчим илэрч байжээ.