Ковид-19

Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар дэгдсэн найман сар орчмын хугацаанд батлагдсан халдварын тохиолдол 25 сая 143 мянга 423 хүрчээ. Халдварын улмаас 845 мянга 414 иргэн амь насаа алдсан байна. Хамгийн анх өнгөрсөн оны 12-р сард БНХАУ-ын Ухань хотод халдварын шинж тэмдэгтэй өвчтөн ирсэнээр 1-р сард албан ёсоор шинэ цар тахал дэгдэж эхэлсэн тухай ДЭМБ мэдээлсэн.

Үүнээс хойш гурван сарын дараа буюу 4-р сарын 2-нд дэлхийн хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол нэг сая хүрсэн. Дэлхий даяараа халдвартай тэмцэн, эмчилгээ вакцин гарган авахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Халдварын нөхцөл байдал сайжирч байсан зарим оронд эргээд дэгдэлт эрчимжин улс орнууд коронавируст халдварын хоёр дахь давлагаа эхлээд байгааг мэдээлж байна. Эрдэмтдийн зүгээс вакцин гарган автал халдвараас бүрэн хамгаалах боломжгүй гэдгийг мэдээлсэн. Гэсэн хэдий ч вакцин бэлэн болтол урт хугацаа шаардлагатайгаас гадна хэр удаан цар тахлын онц байдал үргэлжлэх нь тодорхойгүй байна.