Ковид-19

Өнгөрсөн 24 цагт Халдварт өвчин судлалын үндэсний төв гадаад улс орнуудаас ирсэн 1803 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүх хариу сөрөг буюу коронавируст халдваргүй болох нь тогтоогджээ. Харин халдвартай 12 хүний хоёр нь бүрэн эдгэрч дараагийн тусгаарлалт руу шилжиж байна. 22 настай энхийг сахиулагчийг 43 хоног эмчлэн эдгээлээ.

Есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 1,803 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд: Наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ, Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 257 хүний давтан шинжилгээ, наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 хүний давтан шинжилгээ зэрэг 1000 гаруй шинжилгээ багтжээ.

Эдгэрсэн хоёр хүний нэг 22 настай энхийг сахиулагч 43 хоног эмчлүүлсэн бол Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 настай эрэгтэй 31 хоног тус тус эмчлэгдэж өнөөдөр эмнэлгээс гарчээ. Манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын 311 тохиолдлын 300 нь эдгэрээд байна. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд 4 хүний биеийн байдал хүндэвтэр, зургаан хүний биеийн байдал хөнгөн байгаа юм байна.

Харин дэлхийн хэмжээнд коронавируст халдвараар 28 сая гаруй хүн өвчилж, 900 мянга гаруй хүн эндэж байна. Нас баралт АНУ, Энэтхэг, Мексик улсуудад хамгийн өндөр байна. Харин манай улсын харьяалагддаг бүсэд өвчлөл харьцангуй бага байгаа юм. Есдүгээр сарын 11-ний байдлаар Хятад улсын бүх мужуудыг бага эрсдэлтэй гэж үнэлсэн тул Ухань муж есдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн олон улсын нислэгээ нээхээр төлөвлөж байна. ДЭМБ-ын хийсэн судалгаанаас харахад таван бүсийн 150 улсын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ тасалдаж, хөгжил буурай улс орнуудад хамгийн их бүртгэгдсэн байна. Ирэх саруудад халдвар ээлжилж ихсэх, багасах хандлагатай байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарч байгаа өөрчлөлтийг бодит хугацаанд нь хянах мэдээллийг тогтмол цуглуулж, зохицуулалт хийх шаардлагатай байгааг анхаарууллаа. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ