Эдийн засаг

УИХ-ын дарга Занданшатар өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг хүлээн авч уулзан тэдэнд хариуцлага тооцохоо мэдэгдлээ. Учир нь манай улс мөнгө угаах гэмт хэргийн эсрэг тэмцдэг олон улсын байгууллагын эрсдэлт бүлэг буюу саарал жагсаалтад багтсан билээ.  Энэ асуудалд холбогдох байгууллагын удирдлагууд ажлын хариуцлага алдсан гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга хэлж байна. Тиймээс дээрх асуудал болоод бусад зүйл дээр Төв банкны удирдлага хангалтгүй ажилласан тул хариуцлага тооцохоо УИХ-ын дарга хэллээ.

Ази номхон далайн бүсийн байгууллагаас 2017 онд манай улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийсэн. Улмаар ФАТФ-ын олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгээс 40 зөвлөмж өгсөн байдаг юм. Гэвч манай улс үр дүнтэй байдлын 11 үзүүлэлт тус бүр дээр хангалтгүй үнэлгээ авсан тул эрчимтэй хяналт буюу саарал жагсаалтад багтаасан. Энэ асуудалд Төв банк болоод Санхүүгийн зохицуулах хороо хариуцлагагүй ажилласан гэж УИХ-ын дарга үзлээ.

Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах гэмт хэргийн эсрэг сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хянаж тайлан мэдээг хүлээн авах мэдээлэлд дүн шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй. Өөрөөр бол сэжиглэсэн гүйлгээ бүрийг хуулийн байгууллагад шилжүүлэх учиртай ч үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа. УИХ-ын дарга Санхүүгийн зохицуулах хорооны даргыг хүлээн авч уулзан дээрх асуудалд тайлбар авсан юм.

Саарал жагсаалтад багтах болсон гол шалтгааны нэг нь арилжааны банкуудтай холбоотой. Арилжааны банкуудыг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх үүргийг ОУВС-гаас өгч банкууд хөрөнгөө нэмэгдүүлсэн ч хэрхэн нэмсэн шалтгаанаа тайлагнаж чадаагүй. Тайлагнах байтугай ХААН, Голомт, Худалдаа хөгжил гэх гурван банк олон улсын байгууллагад шалгуулахаас татгалзсан байгаа юм. Тиймээс дээрх асуудал болоод бусад зүйл дээр төв банкны удирдлага хангалтгүй ажилласан тул хариуцлага тооцохоо УИХ-ын дарга хэллээ.