Эдийн засаг

УИХ-аар 2020 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэсэн. Төсөв хэлэлцэх бүрт алдагдал их, үр ашиггүй, тооцоо судалгаагүй муу гэх шүүмжлэл хөвөрдөг юм. Тэгвэл засгийн газар ирэх онд улсын төсвийн орлогыг 12.9 их наяд байхаар тооцож, зарлагыг 13.8 их наяд байхаар тусгасан.

Харин төсвийн алдагдлыг хоёр их наяд орчимд байхаар тооцож ДНБ-ний 5.1 хувьтай тэнцүүлсэн өргөн барьсан юм. Алдагдал ихтэй төсөв ахиад л батлах гэж байна гэх шүүмжлэл гарч байгаа ч зарим гишүүдийн зүгээс харьцангуй сайн төсөв орж ирсэн хэмээн онцоллоо.

2016 оны сонгуулийн дараа манай улсын төсвийн алдагдал 18 хувьд хүрч байжээ. Харин өнөөдрийн байдлаар алдагдлын хэмжээ хоёр дахин буурч төсвийн орлого давж биелээд байгаа. Энэ нь засгийн газар төсвийн сахилга батыг сайжруулж, алдагдал нөхөн зорилгоор бонд буюу өрийн бичиг авдаг байсныг таслан зогсоосонтой холбоотойг онцоллоо.

Ирэх онд эдийн засгийн бодит өсөлт 6 хувьтай байхаар тооцож иргэдийн цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэдгийг засгийн газрын сайд нар хэлж байгаа. Мөн манай улс анх удаа бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт өндөр тавьсан нь ирэх оны төсвийн онцлог гэдгийг хэлж байгаа юм. Учир нь сонгуулийн жил тул царцаагдсан болоод шав тавьсан дутуу барилга үлдээхгүйн тулд энэ асуудалд онцгой анхаарсан гэдгийг сангийн сайд хэлж байсан юм.