Эдийн засаг

Монгол улс FATF-ын саарал жагсаалтад багтсан. Ил тод байдал болон өршөөлийн хууль баталснаар ийм муу үр дүн авчирсныг эдийн засагчид хэлдэг. Гэвч өмнөх алдааг яаралтай засаагүй холбогдох дарга нарт хариуцлага тооцно гэдгээ Их хурлын дарга мэдэгдээд байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгч ажлаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга Даваасүрэн арай өөр байр суурьтай байна.  Мөн түүний асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтжээ. 

Манай улс мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын санхүүгийн саарал жагсаалтад багтсан хамгийн том шалтгаан ил тодын хуулиар улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс хоёр дахин их буюу 34 их наяд төгрөгийг 2015 онд ил болгоод өршөөчихсөн асуудал юм. Үүнээс гадна арилжааны банкууд өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх олон улсын валютын сангийн шаардлагын дагуу нэмэгдүүлсэн ч Худалдаа хөгжил, Голомт, ХААН гэх томоохон гурван банк хэрхэн нэмэгдүүлснээ шалгуулахаас эрс татгалзсан нь олон улсын байгууллагуудын анхаарлыг татсан гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа. 

Тодруулбал арилжааны банкууд өөрийн хөрөнгөө 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн ч 200 орчмыг нь тайлагнасан нь үлдсэн таван зуун тэрбумыг мөнгө угаах замаар нэмэгдүүлсэн гэх ойлголтод хүргэжээ. Хамгийн гол нь арилжааны банкуудын энэ асуудал дээр Төв банк хяналт тавьж чадаагүй, мөн төв банкны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурсан гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотой төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг хөндсөн юм. Харин тэрээр хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

Үүнээс гадна саарал жагсаалтад багтах бас нэгэн шалтгаан нь алт, үнэт эдлэлийн наймаа эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгө зуучлагч худалдан борлуулагчдад тавих хараа хаяналт дутмаг байна гэж олон улсын байгууллага үзсэн байгаа юм. Энэ ажлыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан ч үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж УИХ-ын дарга үзэж байгаа. Харин зохицуулах хорооны дарга энэ асуудалд дараах байр суурийг илэрхийлж байна.

Тэрээр Санхүүгийн зохицуулах хороо өөрт оногдох ажлаа хангалттай хийсэн гэдэг байр суурийг ийнхүү илэрхийллээ. Тэгвэл саарал жагсаалтад багтахад нөлөөлсөн дээрх шалтгаануудад холбогдох байгууллагын удирдлагуудад хэрхэн арга хэмжээ авах чиглэлийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороонд чиглэл болгосон гэдэгээ УИХ-ын дарга мэдэгдсэн юм.

Саарал жагсаалтаас нэн даруй гарах богино хугацааны арга хэмжээг авч ажиллаж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Сангийн сайдын зүгээс хамгийн ихдээ зургаан сарын дотор саарал жагсаалтаас эргэн гарах боломжтойг онцолж байсан удаатай юм. Харин төв банкны зүгээс гэнэт савласан валютын ханшны өсөлтийг тогтоох чиглэлд нэн даруй арга хэмжээ авч одоогийн байдлаар валютын нөөц хангалттай тул эдийн засаг иргэдийн амьдралд нөлөөлөхгүй хэмжээнд барим бодлого баримталж байгаа гэдгийг мэдэгдэж байгаа юм.