Эдийн засаг

2020 онд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өснө. Учир нь нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэ нь 2017 онд Монгол улс ОУВС-гийн хөтөлбөрт нэгдсэнтэй  холбоотой. Тэгвэл эндээс эхэлсэн ажил  2020 онд  үргэлжилж нийгмийн даатгалын хувь хэмжээ дахин нэмэгдэх нь. Гишүүд энэ  талаар нухацтай судалж ОУВС-аас гарсан тохиолдолд цуцлах боломж байгааг хөндлөө. 

2016 оны сүүлээр улсын эдийн засаг туйлдаа хүрч улмаар ОУВС-гийн өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 онд хамрагдсан. Уг хөтөлбөрт хамрагдснаар иргэд аж ахуй нэгжүүдээс авах нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх амлалт өгч 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь ирэх онд 2 хувь буюу нийтдээ таван хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан юм. Энэ дагуу ирэх онд ажилтан 12,5 хувь ажил олгогч 13,5 хувийн шимтгэлийг төлөхөөр болж байгаа. Тиймээс валютын сангийн хөтөлбөрөөс гарсны дараа нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан бууруулах боломж байгаа эсэхийг гишүүд хөндөж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болно. Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор 8 хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлж байгаа юм. Өөрөөр бол нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө гэсэн үг. Төрийн албаны цалин үе шаттайгаар нэмэгдэж байгаа энэ үед хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад аж ахуй нэгжүүдэд энэ нь бодит дарамт болж байгаа. Үүнээс гадна 2002 онд манай улс нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төрийн санд шилжүүлснээр тус сангаас 10 гаруй их наядыг төр зарцуулсан байдаг байна.

Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сан 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгааг Сангийн сайд хэлсэн. Тэгвэл тус санг алдагдалтай үр ашиггүй хариуцаж байгаа төрөөс хувийн хэвшилд шилжүүлэх асуудлыг зарим гишүүд хөндөж байгаа ч энэ нь эрсдэл ихтэй гэдгийг онцоллоо. Ямартай ч ирэх онд нэмэгдэж байгаа 2 хувийн шимтгэлийг ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсан тохиолдолд эргэн харах асуудлыг судлах хэрэгтэйг гишүүд хэлж байна.