Эдийн засаг

Сар бүр Үндэсний статистикийн хороо нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн тоон мэдээллийг хүргэдэг. Өнгөрсөн сарын байдлаар банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 2 их наяд төгрөг байна. 2018 оны мөн үетэй харьцуулахад 36 тэрбум төгрөгөөр буурчээ. Бизнесийн салбарыг дэмжих, ажлын байр бий болгох гол үзүүлэлтийн хувьд нааштай мэдээлэл гарч байгааг статистикчид хэлж байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.3 хувиар буурахад хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэж статистикчид тайлбарлаж байна. Харин орон нутагт буюу Ховд, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг аймагт 0.1-0.7 хувиар буурсан бол Баян-Өлгийн, Архангай, Хэнтий аймагт өөрчлөлтгүй, зарим аймагт 0.1-0.9 хувиар өссөн байгааг судалгаа харуулжээ. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар өссөн байна.

Гуравдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.3 сая төгрөг болж өмнөх оноос 189 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд цалин хөлсний орлого 106 мянган төгрөгөөр өссөн байгаа нь голлох нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

2019 оны гуравдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 34.1 мянган төгрөгөөр, 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхийн орлого 28.4 мянган төгрөгөөр буурсан байна. 1.1 саяас 1.6 сая төгрөгийн орлоготой өрхийн орлого 45.1 мянгаар, 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийн орлого 33.4 мянган төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ-ноос гаргасан судалгаанд танилцуулжээ.