Эдийн засаг

Өнөөдөр зээлдэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ. Олон улсад үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үеэр банк санхүүгийн байгууллагыг ч нийгмийн хариуцлагатай байж уян хатан шийдвэр гаргахыг хүслээ.  Учир нь хорио цээрийн дэглэмийн үеэр ихэнх иргэдийн орлого тасарч байгаа учраас төрийн гурван өндөрлөг болон холбогдох албаныханд хандан банкны зээл болон зээлийн хүүг царцаах асуудлаар санал хүргүүлж байгаа юм. Энэ саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зээлийг царцаах, түр хугацаанд зогсоох асуудлаар Монголын банкны холбооны төлөөлөлтэй уулзсан. Мөн гэрээний хугацааг сунгах, эсвэл татварын хөнгөлөлт үзүүлж иргэдийн зээлийг чөлөөлөх боломж байгаа эсэх дээр тодорхой санал гаргаж холбогдох байгууллагуудад ханджээ.

ЗЭЭЛДЭГЧДИЙН ХОЛБООНООС ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТҮР ХУГАЦААНД ЗОГСООХ ТАЛААР  ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ

Зээл болоод зээлийн хүүгээ төлж чадахгүй байдалд орсон олон иргэд, аж ахуй нэгж байгууллага байгаа ч үүсээд байгаа асуудлыг судалж, үүний дараа шийдвэрээ гаргах нь зөв гэдгийг зарим гишүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл яаран шийдвэр гаргалгүй, зах зээлийн судалгааг явуулахыг санууллаа.

Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж иргэдийн орлогод ч өөрчлөлт гарна. Тиймээс яаралтай иргэдийн өмнө тулгамдаж асуудлыг бодитоор тодорхойлох, үүний дараа тодорхой ажил зохион байгуулахыг иргэний нийгмийн байгууллагууд болон зарим УИХ-ын зарим гишүүд хэлж байна.