Эдийн засаг

Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Өнгөрөгч онд татварын орлого нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал тооцоолсноос бага байсан тухай Аудитын ерөнхий газраас мэдэгдсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын ажлуудтай холбоотой зарим асуудал шүүмжлэл дагуулж байна.

Төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолоор өнгөрсөн онд татвар төлөгчдийн мөнгө зөв зүйтэй зүйлд үр дүнтэй зарцуулагдсан эсэхийг тогтоох учиртай. Тэгвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын зарим нь санхүүжилтээ авчихсан хирнээ ажлаа дуусгалгүй орхисон хэд хэдэн зөрчлийг аудитын байгууллага УИХ-д танилцууллаа. Тухайлбал Баянмогод компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын 2 ч ажлыг Архангай, Говь-Алтай аймагт авсан байдаг байна. Улмаар Ажлын санхүүжилт болох 846 сая төгрөгийг аваад өнөөг хүртэл ажлаа дуусгаагүй зогсоосныг хэлж байна.

2019 оны төсвийг гүйцэтгэлээс товч танилцуулахад улсын нийт орлого 12 их наяд төгрөг. Тэнцвэржүүлсэн орлого 10.9 их наяд. Харин улсын төсвийн нийт зардал 11.5 их наяд төгрөг байжээ. Улмаар улсын төсвийн алдагдал 758 тэрбум төгрөг болсон байна. Тухайн оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдал 1.8 их наяд байхаар баталсан ч харьцангуй бага алдагдалтай байсан гэж дүгнэсэн байна. Үүнд татварын орлого давж биелсэн нь голчлон нөлөөлжээ. Гэвч төсөвлөлтийн шаардлага хангаагүй төсөл хөтөлбөрүүд өнөөдөр хүндрэл дагуулж эхлэсэн байна.

Энэ мэтчилэн төсвийн тухай хуульд заагдсан төсөвлөлтийн шаардлага хангаагүй олон ажил 2019 оны төсвийн гүйцэтгэлийн шалгалтаар илэрсэн гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Төсөвлөлтийн шаардлага хангаагүй 538 төсөл арга хэмжээ байгаатай холбоотой үр ашиг буурах, төсөвт өртөг нэмэгдэх, гүйцэтгэл удаашрах зэрэг хүндрэлүүд өнөөдөр гарч байгааг хэлж байна.