Эдийн засаг

Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах стратегийг Улсын их хурал өнөөдөр баталлаа. Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг багасгах шаардлага тулгарч байгаа юм. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай 200-300 гаруй л иргэн бий. Тийм учраас цөөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгаас илүү нийтийг бодох цаг болсныг гишүүд хэллээ. Харин ямар зохицуулалтаар хэрхэн зээлийн хүүг хэрхэн буулгах вэ гэдгийг энэ стратегид тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 16.3 хувьтай байгаа. Тэгвэл зээлийн хүүг жил бүр нэг хувиар бууруулах стратеги төлөвлөгөөг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тодруулбал зээлийн хүү жилд нэг хувь буурснаар дөрвөн жилийн дараа жилийн 12.3 хувь сарын нэг хувь болно гэж төлөвлөсөн. УИХ-аар зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх үеэр стратеги төлөвлөгөө хэр бодитой эсэхийг гишүүд тодруулсан юм.

ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ЗЭЭЛИЙН ХҮҮ ЖИЛИЙН 12 ХУВЬ, САРЫН 1 ХУВЬ БОЛНО ГЭЛЭЭ

Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулахаар төсөл санаачлагчид төлөвлөсөн. Ингэснээр банкны гол эх үүсвэр болох хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөнө гэх шүүмжлэл байгаа. Гэхдээ энэ удаагийн стратеги төлөвлөгөөг Монгол банк, банкуудын холбоо хамтарч тогтоолын төслийг боловсруулсан тул аливаа эрсдэлийг тооцсон гэдгийг онцоллоо.

Зээлийг хүүг бууруулах стратеги үндсэн 4 чиглэлтэй. Нэгдүгээрт хадгаламжийн хүүг бууруулна. Тодруулбал хугацаагүй хадгаламжид хүү төлөхгүй байхаар төлөвлөсөн байна. Хоёрдугаарт банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулна. Гуравдугаарт, эрсдлийн зардлыг багасгана. Дөрөвдүгээрт, санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, банкуудын активыг нэмэгдүүлэхээр тусгажээ. Ийнхүү гишүүд асуулт асууж хариулт авсны дараа нийт гишүүдийн олонхийн саналаар зээлийн хүүг бууруулах стратегийг баталлаа.