Эдийн засаг

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэс Таван Толгой компани иргэдийн ноогдол ашгийг тараахад бэлэн болсноо дуулгасан. Засгийн газраас зөвшөөрөл ирсэн даруйд иргэдийн дансанд шилжүүлэхэд бэлэн гэдгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ. Эрдэнэс Таван Толгой компанийн иргэн бүрт олгосон 1072 хувьцааны нэгж үнийг 90 төгрөгөөр тооцсон. Хувьцаагаа бүрэн эзэмшиж буй иргэд 96,480 төгрөгийн ноогдол ашиг авах юм.

Иргэд цахимаар хувьцааны дансаа нээлгэх боломжтойг ч албаныхан хэлж байна. Хувьцааны данс нээлгэхэд иргэдээс бүртгэлийн хураамж авдаг. Энэ нь тухайн үнэт цаасны компанийн үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг болохыг албаныхан онцоллоо.

Эрдэнэс Тавантолгой компанийн нийт хувьцааны 14.7 хувийг 2.5 сая гаруй иргэн эзэмшиж байна. Эдгээрээс хувьцааны ногдол ашиг авах боломжтой 839,525 иргэн байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээ. Иргэд брокерын компанид бүртгүүлээгүй, данс нээлгээгүй, банкны дансаа хувьцааны данстайгаа холбоогүй зэрэг зөрчилтэй 2 сая орчим иргэн байгаа гэсэн юм. Эдгээр иргэд өөрт ойр байрлах брокерын компанид хандан дансаа нээлгэж, бүртгэлээ хийгэх шаардлагатай гэсэн юм. Ингэснээр хувьцааны ногдол ашиг иргэдэд төвөггүй шилжих юм байна.

Иргэдийн регистрийн дугаараар И-баримтад бүртгэлтэй дансаар ногдол ашиг шилжүүлэх асуудал яригдаж байгаа ч тогтсон шийдвэр гараагүй байгаа гэлээ. Өнгөрсөн Баасан гарагт хувийн мэдээлэл нь зөрөөгүй иргэдийн хувьцааны дансанд бичилт хийгээд байна. Хувьцааны ногдол ашиг болох 179 тэрбум 800 гаруй сая төгрөг иргэдийн дансанд шилжихэд бэлэн байна.