Архив...

Эдийн засаг

Манай улсын эдийн засгийн гол түшиц нь уул уурхай. Хэрвээ зөв ашиглаж чадвал гэрлийн хурдаар өндөр хөгжилд хүрэх боломж бий. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улс уул уурхайгаас олсон орлогынхоо 99 хувийг өр зээлээс авахуулаад бусад зүйлд зарж, ердөө 1 хувийг нь хуримтлал болгон үлдээдэг байна. Тэгвэл мөнгөтэй болж, хөгжил хүсч л байгаа бол дор хаяж орлогынхоо 15 хувийг авч үлдэх ёстойг Дэлхийн банк зөвлөлөө.

Манай улсын нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр бол улсын нийт орлогын 90 орчим хувь нь уул уурхайгаас төвлөрч байна гэсэн үг. Өнгөрсөн 30-аад жил уул уурхайн баялгаа ухаж гадагш гаргасан манай улс одоогоос гурван жилийн өмнөөс ирээдүй хойчдоо хуримтлал бий болгож эхэлсэн байна. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 2004-2019 оныг хүртэл 15 жилийн хугацаанд уул уурхайгаас олсон нийт орлогынхоо 99 хувийг шууд зарцуулж ердөө ганц хувийг ирээдүй хойчдоо хуримтлуулжээ.

Цаашид манай улсад тогтолцооны томоохон шинэчлэл хэрэгтэйг эдийн засагчид онцолж байна. Уул уурхайгаас хараат эдийн засгийг төрөлжүүлэхгүй бол байгалийн баялаг шавхагдаж, ирээдүй хойчдоо хөрөнгө биш өр үлдээнэ гэдгийг Дэлхийн банк санууллаа. Тэгвэл хойч үедээ хадгалах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхэд манай улсын төлөх гадаад өрөөс эхлээд асуудал их гэдгийг хэлж байна.

Засгийн газраас ирэх оны улсын төсвийг боловсруулахдаа уул уурхайгаас олох экспортын орлого нэмэгдэнэ гэх тооцоог гаргасан. Хилээр гарах нүүрсний хэмжээ өсөхөөс гадна зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өснө гэж үзсэн. Тэгвэл Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хэзээ намжих нь тодорхойгүй энэ цаг үед төсвөө батлахдаа маш болгоомжтой хандахыг Дэлхийн банкны мэргэжилтэн зөвлөлөө.

Үүнээс гадна манай улсад хийгдэх гадны хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Учир нь холбогдох хуульд хамтарсан компани байгуулахад аль ч тал 100 мянган долларын санхүүжилттэй байх ёстой гэх шаардлага тавигддаг байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад хамгийн том хүндрэл болдог тул нэн даруй холбогдох хуулийг өөрчлөх шаардлагатайг мэргэжилтнүүд хэллээ.