Эдийн засаг

УИХ-ын чуулганаар өнөөдөр гурван төрлийн зээлийн хэлэлцээрийг баталлаа. Цар тахлын эсрэг арга хэмжээ авч ажиллахад Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 100 сая доллар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжүүлэх төслийн хүрээнд 50.8 сая евро, онцгой байдлын үеийн дэмжлэг хэлбэрээр 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрүүдийг баталсан юм. 

Дээрх 20 сая долларын 10 сая долларыг нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтөд зарцуулна. Харин үлдсэн мөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд иргэдэд бичил бизнесийн зээл олгох юм.

Монгол Улсын нийт гадаад өр өнөөдрийн байдлаар 30.8 тэрбум доллар байгаа. Үүний гуравны хоёр нь аж ахуй нэгж компаниудын өр юм. Харин засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар байгаа дээр нэмэлт зээлийн хэлэлцээрүүд оруулж ирж байгааг зарим гишүүд шүүмжиллээ.

УИХ ГУРВАН ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАТАЛЛАА

Зээлийн хэлэлцээрүүдийг батлах үеэр Сангийн яам гуйлгачин царайлж дандаа өр ярьдаг хэмээн УИХ-ын гишүүн Ганбаатар шүүмжилсэн юм. Харин Сангийн сайдын зүгээс дэлхийн улс орнууд цар тахлаас үүдэж хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд манай улс ч эдийн засгаа дэмжихийн тулд энэ мэт хэлэлцээрүүдийг хийх нь зөв шийдэл гэдгийг онцоллоо. Мөн дэлхийд өрийн хэмжээгээрээ тэргүүлдэг орнуудын эхний 50-60-д Монгол Улсын засгийн газар байгүй гэлээ.

Ч. ХҮРЭЛБААТАР: ДЭЛХИЙД ӨРИЙН ХЭМЖЭЭГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛДЭГ ОРНУУДЫН ЭХНИЙ 50-Д МОНГОЛ УЛС БАЙХГҮЙ