Эдийн засаг

Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олгож, худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг иргэд буцаан авдаг. Тэгвэл зарим зах, худалдааны төвүүдэд өнөөдрийг хүртэл ийм баримт олгож хэвшээгүй байгаа юм. Баримт олгоогүй бол өндөр торгууль ноогдуулдаг энэ асуудал зөвхөн худалдаачдаас шалтгаалж байгаа биш. Нөхцөл боломжоор нь хангах шаардлага байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа. 

ШӨХТГ-т иргэдээс үйлчилгээний байгууллагууд НӨАТ-ын баримт олгохгүй байна гэх гомдол, мэдээлэл их ирэх болжээ. Хууль дүрмээрээ бол зах худалдааны төвүүд бүгд НӨАТ-ын баримт олгох ёстой. Ингэснээр байгууллагууд татварын нэгдсэн системд шилжих, санхүүгийн мэдээлэл нь ил тод болох, иргэд буцаан олготоо авч сугалаанд оролцох гэх мэтээр олон талын ач холбогдолтой. Гэтэл ААНБ-ууд баримтаа өгөхгүй байх асуудал гарч түүнийг олон янзаар тайлбарлаж байна. Тухайлбал баримт хэвлэх машин эвдэрсэн, тань руу мэйл хаягаар явуулъя, нэмэгдсэн өртөг шингээгүй, хямдралтай бараа гэх мэтчилэн тайлбар хэлж баримт олгохоос зайлсхийж байна. Энэ үед иргэд QR код уншуулах, ПОС машинаас авах зэрэг олон боломж байдгийг хэлж албаныхан мэдээллээ.

Энэ мэтчилэн иргэд НӨАТ-ын баримтаа авах боломжтой. Гэтэл зарим худалдааны төвүүд, дэлгүүрүүд баримт өгөхгүй байх асуудал одоо ч байсаар байгааг бид сурвалжиллаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД БҮГД НӨАТ-ЫН БАРИМТ ӨГӨХ ЁСТОЙ

ШӨХТГ-аас татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхлэхээ мэдэгдлээ. Хэрэглэгчдийн зүгээс НӨАТ-ын баримттай холбоотой гомдол мэдээлэл байвал ШӨХТГ-ын хэрэглэгчийн утсанд холбогдох боломжтой юм байна. Иргэдийн зүгээс баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна гэлээ.