Эдийн засаг

Манай улс эдийн засгаа тэлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн чухал гэж үздэг. Монголын зах зээлийн сонирхсон компаниуд ч олон бий. Гэтэл тэдэнтэй харьцах тусгайлсан яам, бодлогын түвшинд ярилцах агентлаг байдаггүйг эдийн засгийн байнгын хорооны гишүүд хэлж байна. Ийм байдлаас үүдэн хөрөнгө оруулагчид Монголоос татгалзах тохиолдол олон гардаг учраас хууль эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлыг судлах, түр хороо байгуулахаар төлөвлөжээ.

УИХ-ын эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд түр хороо байгуулах УИХ-ын тогтоолыг хэлэлцэх байсан ч хойшиллоо. Уг түр хороог байгуулж гадаад худалдаа хөрөнгө оруулалтад онцгой анхаарах нэн шаардлагатайг зарим гишүүд хэлж байна. Учир нь манай улсад хөрөнгө оруулах хүсэлтэй гадны иргэд их байдаг ч тэдэнтэй харьцах бие даасан яам эсвэл агентлаг байдаггүйгээс ажил нь цалгардаж удааширдаг байна. Энэ нь хөрөнгө оруулах хүсэлтэй гадны иргэдийн үргэх шалтгаан нь болдог байна.

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих нэгдсэн бодлого бие даасан хуульгүй тул томоохон ганц нэг төслүүд улс төрийн хүрээнд хэрүүлийн алим болж хувирдагийг гишүүд хэлж байгаа юм. Тиймээс УИХ-аас түр хороо байгуулах тогтоолыг баталвал нэн тэргүүнд гадаад худалдааны тухай бие даасан хуулийг өргөн барихаар төлөвлөжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ