БШУЯ: Энэ жил сурагчид эрт амарч байгаа учир наймдугаар сарын 15-аас хичээл эхэлнэ

Боловсрол

Энэ жилийн хувьд цэцэрлэгт 247,040 хүүхэд, ЕБС-д 680,837 хүүхэд суралцаж байна. Цар тахлын улмаас сурагчид өнгөрсөн жил үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан. Харин энэ хичээлийн жил 60-68 хувийг теле болон цахим байдлаар үзжээ. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа юм. Тиймээс сурагчдын зуны амралтыг наашлуулахаар болжээ.

Есдүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдаж болно. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ гэлээ. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.  Энэ жил зуны амралт эрт эхэлж байгаатай холбоотойгоор намар хичээл эрт орно гэлээ. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг БШУЯ-наас зөвлөлөө.