10-аас дээш сая төгрөгийн сургалтын төлбөртэй 12 ЕБС-д хувьсах зардал олгохгүй

Боловсрол

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 дунд сургуульд 48,300 суралцагч сурч байна. Харин үүнээс нийслэлд 128 сургууль үйл ажиллагаагаа явуулж 40,200 хүүхэд сурч байгаа юм. Эдгээр сургуулиудын 10-аас дээш сая төгрөгийн сургалтын төлбөртэй 12 ЕБС-д ковид-19-ийн тухай хууль болон түр журмын заалтыг үндэслэн хувьсах зардал олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Харин 10 саяас доош төлбөртэй сургуулиудад хувьсах зардал олгохдоо дараах гурван шаардлага тавьж байна. Үүнд сургалтын төлбөртөө тав болон түүнээс дээш хувиар хөнгөлөлт үзүүлсэн байх, теле, цахим хичээлийн ирц, гүйцэтгэлийг хянах, сургалтын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулсан тайланд үндэслэн хувьсах зардал олгохоор болжээ. Харин хичээл танхимаар орж эхлэхэд мөрдөх сургалтын төлбөртэй холбоотой шинэ журам гаргасан байна. Хэрэв дээрх журмыг зөрчвөл эцэг эхчүүд шууд яаманд хандахыг салбарын сайд хэллээ. Энэ тохиолдолд яамнаас тухайн сургуулийн хувьсах зардлыг өгөхгүй байх, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг салбарын сайд мэдэгдлээ.