ОРОСЫН РЯЗАНЬ МУЖИЙН ЭМНЭЛЭГТ ГАЛ ГАРЧЭЭ

Үйл явдал

Оросын нийслэл Москва хотоос 180 км зайтай байрлах Рязань хотод COVID-19 коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг байрлуулан эмчилж байсан эмнэлэгт гал гарчээ. Галын улмаас 3 хүн амиа алдаж, 8 хүн гэмтэж түлэгджээ. 

Гал Рязань хотын Семашко эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт гарчээ. Оросын онцгой байдлын албаны мэдээлснээр гал хоромхон зуурт дэгдэж, гал сөнөөгчид болон аврагчид шуурхай ажилласны дүнд 35 хүнийг нүүлгэн шилжүүлж, 8 хүнийг галаас аварч чаджээ. Харамсалтай нь галд 3 хүн амиа алдсан талаар онцгой байдлынхан мөн мэдээлжээ. Эмнэлэгт гарсан галыг унтраахад 60-аад гал сөнөөгч, 19 нэгж техник оролцсон байна. Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөл болоод галаас учирсан хохирол зэргийг тогтоогоогүй байгаа юм.