Эрүүл мэнд

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг богиносгож чадлаа. Өмнө нь иргэд 2 жил гаруй хугацаанд өдөр бүр 4-5 ширхэг эм ууж, гам барьдаг байсан. Харин энэ хугацааг богиносгох эмчилгээг манай улс амжилттай хийлээ. Ингэснээр иргэд хурдан эдгэрэхээс гадна санхүүгийн хувьд ч дарамт багасах боломж бүрдэж байна. Өнөөдрийн байдлаар 86 иргэн богиносгосон эмчилгээнд хамрагдан эдгэрээд байна. 

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр жил болон 9 сарын хугацаанд эмчлэхэд шаардагдах эмийг та бүхэн харж байна. 24 сарын хугацаанд нийт 9360 эм хэрэглэдэг байсан бол хугацааг 9 сар болгоход 3360, тариа 180-аас 96 болтлоо буурч байна. Эмчилгээний хугацаа ийнхүү богиноссоноор өвчтөнд үүсэх санхүүгийн дарамт багасах, эмчилгээний үр дүн сайжрах зэрэг олон талын эерэг үр дүн гарч эхэлжээ.

85 ӨВЧТӨН БОГИНО ХУГАЦААНЫ ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ ЭРҮҮЛ БОЛЖЭЭ

Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчлэхэд өдөр бүр 4-5 төрлийн хүчтэй эм хэрэглэдэг. Үүний улмаас өвчтөнд эмийн гаж нөлөө ихээр илэрдэг. Мөн хугацаа урт зэрэг шалтгаанаас үүдэж эмчилгээгээ таслах нь өвчтөнүүдийн дунд элбэг байдаг байна. Тиймээс эдгээр хүндрэлийг арилгах үүднээс 2014 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтарч олон улсын судалгаанд оролцсон. Үүний үр дүнд манай улс 2 жил эмчлэгддэг өвчнийг 9 сар болтол богиносгож чадсан цөөн орны нэг боллоо.

Олон улсын олон төвт Stream эмэлзүйн судалгаа нь 2 үе шаттай явагдсан. Эхний шатанд манай улсаас гадна Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг улс орнууд оролцож, ОЭТС-ийн эмчилгээг шинэ эм хэрэглэхгүйгээр 9 сар болгон бууруулж чадлаа. Одоогийн байдлаар манай улсын 85 өвчтөн богино хугацааны эмичлгээний горимоор эмчлэгдээд байна.