Эрүүл мэнд

Уушгины хатгалгааны идэвхжил өндөр байдаг үе нь  11, 12 сар байдаг байна.  Тиймээс хүйтний улирал эхлэхээс өмнө хатгалгааны эсрэг вакциныг улс орон даяар тарьж арга хэмжээ авсаар таван жилийн хугацаа өнгөрчээ.  Ингэснээр нийслэл 21 аймгийн хэмжээнд иргэдийн хамрагдалт 90 гаруй хувьд хүрч уушгины хатгалгааны өвчлөл 50 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.  

Дэлхий дээр 15 секунд тутамд нэг хүүхэд, өдөр бүр 5,500 хүүхэд, жилд хоёр сая гаруй хүүхэд уушгиний хатгалгаар эндэж байна гэдгийг ДЭМБ-аас гаргаж байсан. Манай улсад ялангуяа өвлийн улиралд уушгиний хатгалгаагаар бага насны хүүхэд ихэвчлэн өвчилж, эндэх нь цөөнгүй байсан билээ. Тэгвэл уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх вакцины тандалт судпалгааны ажлыг манай улсад 2015 онд эхлүүлж, өнөөдөр улсын хэмжээнд бага насны хүүхдийг  тухайн урьдчилан сэргийлэх вакцинд 90 дээш хувьтай хамруулж чаджээ. Таван жилийн хугацаанд нийт 64 мянга орчим бага насны хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 15 мянга орчим нь хүнд хөнгөн хэлбэрийн хатгалгааны улмаас хэвтсэн гэсэн тоо мэдээлэл байгаа юм. Харин дээрх тандалт судалгааны ажлын хүрээнд хүнд хатгалгаагаар  өвчлөх тохиолдол 40 хувь хүртэл буурч, хүнд хэлбэрийн хатгаа өвчний улмаас бага насны хүүхэд эндэх тохиолдол буурсан судалгааны багийнхан хэллээ.

2015 онд эхэлсэн судалгааны ажлын завсрын үр дүнгээр  2017 онд уушгины хатгалгаагаар өвчлөх тохиолдол 30 хувь хүртэл буурсан бол цаашид энэ тоо 50 хувьд хүрнэ гэдгийг судалгааны багийнхан хэллээ. 2019 оны 10 сарын байдлаар 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд энэ төрлийн вакцинд хамрагдах иргэдийн тоо өссөн эерэг дүнтэй байна. Нэг, хоёрдугаар шатлалын буюу өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан 9 сартай, 2 болон 4 настай бага насны хүүхдэд энэ вакцин хийгддэг. Уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх вакцин нь насанд хүргэгчдэд дам нөлөөлж буйг эсэхийг судалгааны багийнхан давхар судалж эхэлсэн байна.