Эрүүл мэнд

Хүйтний эрч чангарахаар Ханиад томуугаар өвчлөх хүүхдийн тоо нэмэгддэг ч энэ жилийн тухайд эмнэлгүүд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Хүүхдүүдэд өндөр халуурах шинж тэмдэг илэрч, хатгаа болж байгааг эмч нар хэлж байна. Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэдээ шингэн сайн уулгах, шим тэжээлтэй хоол идүүлэхийг зөвлөлөө.

Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд хэвтэх, эмнэлгийн тусламж авах хүүхдийн тоо ихэссэн гэх мэдээллийг НЭМГ-аас өгч байна. Хэдийгээр амбулаториор болон яаралтай түргэн тусламжаар үзүүлж, хэвтэх хүүхдийн тоо нэмэгдсэн ч орны хүрэлцээ хэвийн байна гэж мэдэгдлээ. Өндөр халуурч хоёр хоногийн дараагаас хатгаа болох шинж тэмдэг өвчилсөн хүүхдүүдэд их байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлэхийг зөвлөж байна. Мөн ханиадтай хүүхдийг цэцэрлэгт нь явуулахгүй байхыг анхаарууллаа.