Эрүүл мэнд

Өнөөдөр бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын өдөр. Манай улсад үйлчилж байгаа зохицуулалтаар иргэн та жилд 38 мянга 400 төгрөгөөр даатгуулаад 2 сая төгрөгийн үйлчилгээ авах боломжтой. Гэвч иргэд ямар үйлчилгээг хаанаас яаж авах талаар тэр бүр мэдээлэл байдаггүй. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зарлалаа. Даатгалын үйлчилгээг хэрхэн авах, ямар хөнгөлөлт эдлэх зэрэг мэдээллийг өгсөн байна.

Нэг жилд  38 мянга 400 төгрөг төлснөөр 2 сая хүртэлх төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авахаас гадна иргэд өндөр өртөгтэй эмчилгээний зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах боломжтой. Жишээлбэл, иргэн 10 сая төгрөгийн өртөгтэй хагалгааны төлбөрийн 7 сая 500 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгал сангаас  тухайн эмчилгээ үйлчилгээ хийж байгаа байгууллага руу шилжүүлдэг бол харин үлдэгдэл 2сая 500 мянган төгрөгийг иргэн өөрөө гаргах зохицуулалттай.

Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг сурталчлан  таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байлаа. Мөн өдөрлөгийн үеэр дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллах тул иргэд Та бүхэн  эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтийг бүрдүүлжээ.

Мөн өнөөдрийн өдөрлөгт нийслэлийн хэмжээний томоохон 3 дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээний орчинд нэвтэрч байгаа үйлчилгээг иргэд танилцууллаа. Тухайлбал улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлэхдээ иргэд цахим хуудсаар дамжуулан үзлэгийн дугаар, эмчийн мэдээллийг авч болохоос гадна заавал Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй өөрийн оршин сууж байгаа аймаг, сум, дүүргээсээ  тус эмнэлгийн цахим хуудсыг ашиглан дээрх үйлчилгээг авч болохоор болжээ.

Өдөрлөгийн үеэр мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд үйлчилгээгээ ойртуулах зорилгоор гар утасны аппликейшн гаргаж байгаа талаар иргэдэд танилцуулга хийсэн юм. Нээлттэй өдөрлөгт  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдэд болно.