Т.Аюурсайхан: Жолоочийн даатгал "хэт" ашгийн төлөө болсноор иргэд хохирч байна

Улс төр

Жолоочийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалт буруу байгаагаас даатгалын хураамжийн орлогоос зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ажил огт хийгдээгүй байна гэж УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан мэдээлэв.

Хуулийн зорилго нь зам тээврийн ослын улмаас иргэн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирч үлдэхгүй байх, хохирлыг санхүүжүүлэх тогтолцоог бий болгоход чиглэсэн юм. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлж байгааг тэрээр шүүмжиллээ. Ингэснээр хохирогчид нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзах, учирсан хохирлыг 100 хувь олгохгүй байх зэрэг асуудал их гардаг байна.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн арван жилийн хугацаанд жолооч нараас нийт 230 тэрбум төгрөгийн  даатгалын хураамж төвлөрүүлжээ. 121 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож, компаниуд 108 тэрбум төгрөгийн ашиг олжээ.

2020 онд дээд тал нь даатгалын зөвхөн нэг компани 6.1 тэрбум төгрөгийг жолооч нараас хурааснаас 1.9 тэрбум төгрөгийг нөхөн олговорт өгч, 4.2 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.