Эрүүл мэнд

Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүндэт дэвтэрт бичигдлээ. Олон улсад өндөр өртөгөөр хийдэг эмчилгээг эх оронд амжилттай нэвтрүүлж, эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ хуудас эргүүлээд байгаа юм. Тэд хамгийн сүүлд амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгасан. Өвчтний биеийн байдал ч сайжирч эхэлжээ. Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах тангарагтаа үнэнч зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүдийн амжилтаар дотоод мэдээ эхэлж байна.

1996 онд анх бөөр шилжүүлэх мэс засал хийгдсэнээс хойш 2020 онд 201 дэх бөөр шилжүүлэх хагалгаа Улсын нэгдсэн төв эмнэлэг дээр амжилттай хийгдлээ. Шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт хийгдсэн энэхүү амжилтаараа 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний багийн хамт олон өнөөдөр нэгдүгээр эмнэлгийн түүхэн хүндэт номын 24-рт дугаарлагдаж нэрээ мөнхөллөө. Олон улсад өндөр өртөгөөр хийгддэг бөөр шилжүүлэх мэс засал болон эмчилгээний  менежментийг манай улс ийнхүү олон улсын түвшинд хүргэж чадсаныг эмнэлгийн удирдлага болон бөөр шилжүүлэн суулгах мэс заслийн үндэсний багийн ахлагч Баян-Өндөр эмч онцоллоо.

Одоогоос 24 жилийн өмнө буюу 1996 онд бөөр шилжүүлэх мэс засал ганцхан хүнд хийгдэж байсан бол өнөөдөр 2020 онд хэд дахин өссөн. Бөөрний өвчлөл манай орны байгаль цаг, уур амьдралын буруу хэвшлээс хамаараад залуужиж байгаа нь эмзэглүүлж байгааг үндэсний багийн эмч нар хөндлөө. Гэхдээ бид энэ төрлийн эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг дэлхийн жишигтэй нийцүүлэхэд харьцангуй хямд өртгөөр авах таатай боломж, мөн эрх зүйн орчинтой болсон гэлээ.

Өнөөдрийн байдлаар 200+ гэсэн байдлаар бөөр шилжүүлэн суулгах мэс засал Нэгдүгээр төв эмнэлэг дээр хийгдээд байгаа ч цаана нь энэ төрлийн хагалгаанд орохоор ээлж, дараагаа хүлээж байгаа 200 хол давсан өвчтөн хүлээж байгааг хэлж байна. Бөөр шилжүүлэн суулгах энэ удаагийн 201 дэх тохиолдол амжилттай болсон. Өвчтөний байдал сайжирсан гэж байна. Амьгүй донороос бөөр шилжүүлдэг учраас тухайн бөөр ажиллагаанд ороход донорын байдлаас хамаараад харилцан адилгүй хугацаа, эмчилгээ шаарддаг байна. Түүнчлэн Улсын нэгдсэн төв эмнэлгээс мөн доноруудыг жил бүрийн 10, 11 сард бүрэн бүрэн үзлэгт хамруулж, байнгын хяналтанд байлгадаг гэлээ.