Нобелийн энхтайвны шагналт Малала Юсуфзай нөхөрт гарчээ

Үйл явдал

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Малала Юсуфзай нөхөрт гарчээ.

Түүний гэрлэх ёслол исламын уламжлалын дагуу болж, Малала гэр бүл зохиосондоо ихэд аз жаргалтай байгаагаа инстаграм хуудсандаа бичжээ. 

Малала Юсуфзай өөрийн хайртай залуутайгаа сүй тавьж, улмаар гэрлэлтээ батлуулсан талаараа инстаграм хуудсан дээрээ бичиж,

“Өнөөдөр миний амьдралын хувьд мартагдашгүй өдөр тохиолоо. Ассер бид хоёр гэрлэж, албан ёсоор эхнэр нөхөр боллоо”

гэж бичин хуримынхаа зургийг хавсаргажээ.

Шинэхэн хосын хуримын ёслол Английн Бирмингемд исламын өв уламжлалын дагуу болсон байна.

Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай 11 настайдаа интернэтэд өөрийн гэсэн блог хөтөлж, Талибаны радикал бүлэглэлийг шүүмжилснийхээ төлөө хавчлага дайралтад өртөн, 2012 оны 10-р сарын 9-нд талибаны дайчдын халдлагын улмаас хүнд гэмтэж байсан юм.

Тэрээр халдлагад өртсөнийхөө дараа Англи улс руу явж эмчлүүлэн, улмаар сүүлийн арваад жил энэ улсад амьдарч байна. 2014 онд Малала охин Нобелийн энхтайваны шагнал хүртэж, энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн хамгийн залуу тэмцэгч болж байжээ. Тэрээр Англид амьдарч эхэлснээсээ хойш Оскфордын их сургууль дүүргэж, философи, улс төр болон эдийн засгийн ухаанаар мэргэшжээ.