Эрүүл мэнд

Шинэ коронавирусын тархалт газар авч байгаа учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өчигдөр хуралдсан. Энэ хурлаар нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэнийг дэлхий нийтэд зарласан юм. Ингэснээр улс орнууд хилээ хаах, визэнд татгалзах, аялагч, зорчигчдыг тусгаарлах эрхтэй болж байна.  Гэхдээ улс орон хилээ хаах гэж байгаа бол ДЭМБ-д 48 цагийн дотор заавал мэдэгдэх ёстой юм байна.

Өнгөрсөн шөнө Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онцгой байдлын хороо хуралдсан. Олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдэл чухал гэж үзэн энэ хурлаар дэлхий нийтэд онцгой байдал зарласныг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ярилаа. Шинэ коронавирусын тархалт цаг, минут тутамд нэмэгдэж, БНХАУ-аас гадна ДЭМБ-ын таван бүсэд бүртгэгдсэн гэлээ. Ихэнх тохиолдлууд БНХАУ-ын Ухань хотод зорчсноос үүдэж байсан бол сүүлийн үед өөр улс оронд хүнээс хүнд тархаж байгаа явдал нэмэгдэж байгааг онцоллоо. Онгой байдал зарласнаас улс орон хилээ шууд хаах ёстой гэсэн үг биш. Харин хил гаалиа хаах эрх нээгдэж байгааг албаынхан ярьж байна. Хэрэв хилээ хаах бол 48 цагийн дотор ДЭМБ-д заавал мэдэгдэх шаардлагатай юм байна. Гэхдээ аялал, тээвэр, худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөжээ.

СЕРГЕЙ ДИОРДИЦА - ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Орчуулга: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарласантай холбоотойгоор ямар нэгэн аялал, тээвэр, худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байгаа. 2005 онд H1N1 халдварын үед нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарлаж байсан. Түүнээс хойш таван ч удаа дэлхий нийтэд онцгой байдал зарлаж байсан. Энэ бүх үед аялал, тээвэр, худалдаанд хягзаарлалт хийж байгаагүй. Зорчигчтой холбоотой хязгаарлалт гэдэг нь визэнд татгалзах, хил хаах, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байхад аялагчид, зорчигчдыг тусгаарлах зэрэг арга хэмжээ орно. Онцгой байдал зарласан үед  ДЭМБ-ын ерөнхий захиралд онцгой эрхүүд нээгддэг. Хэрэв зарим улс хилээ хаах гэж байгаа бол ДЭМБ-д 48 цагийн дотор заавал мэдэгдэх ёстой. Гурван сарын дараа ОУ-ын Эрүүл мэндийн хороо дахин хуралдана. Олон улсад хувийн хамгаалах хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд хувийн хамгаалах хэрэгслийн хангалтын сүлжээ байгуулж байна.

Энэ өвчлөлийн дэгдэлт оргил үедээ хүрээд буцаад буурах магадлал байгааг ДЭМБ-аас мэдээллээ. Өнөө өглөөний 10 цагийн байдлаар шинэ коронавирусын халвар авсан хүний тоо дэлхий нийтэд 9774, нас баралт 213, эдгэрсэн 171 тохиолдол бүртгэгджээ.

ФЭЙСБҮҮК ШУУД