Эрүүл мэнд

Өчигдөр орой МИАТ-ийн тусгай үүргийн онгоц БНХАУ-ын Ухань хот руу ниссэн. Тэгвэл өнөө өглөө манай улсын 32 иргэнийг тээвэрлэсэн онгоц газардлаа. Ухань хотод Монгол улсын 33 иргэн байсан бол ийнхүү халдварын голомтоос 32 иргэнээ улс эх орондоо татан авч байгаа юм.   Ингэснээр манай улс Ухань хотоос өөрийн орны иргэдээ авсан тав дахь улс орон болж байна.   

Эрсдлийн үнэлгээгээр маш өндөрт тооцогдож байгаа БНХАУ-ын ЭМЯ-ны өнөө өглөөний мэдээгээр тохиолдлын тоо 11,821-д хүрчээ. Коронавирусын голомт гэгдэж буй Ухань хотод нийт 33 Монгол иргэн байснаас 32 нь оюутан нэг нь бага насны хүүхэд байсан. Үүний 30 насанд хүрэгч, нэг хүүхэд нийт 31 иргэн эх орондоо ирж, хоёр оюутан өөрийн хүсэлтээр үлдээд байна. Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ГХЯ-ны нэгдсэн удирдлаган дор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, ХӨСҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү эх орондоо шилжүүлэн авч ирлээ. Тэднийг МИАТ ТӨХК-ийн Г.Баатарцогт ахлагчтай 15 хүний бүрэлдэхүүнтэй тусгай үүргийн нислэгийн баг Чингис хаан Олон Улсын нисэх онгоцны буудалд амжилттай тээвэрлэн авчирсан юм.

Эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулаад байна. Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах юм. Тэд шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын Ухань хотоос манай талд хүлээлгэн өгөхдөө мэдэгдсэн байна. Ухань хотоос ирсэн оюутнуудын ар гэрийнхэн дэлхий нийтэд түгшүүр төрүүлж буй шинэ коронавирусын дэгдэлтийн голомт бүс нутгаас иргэдээ эх орондоо татан авч ирж буйд Монгол Улсын засгийн газарт талархлаа илэрхийлсэн байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД