Эрүүл мэнд

Дэлхийн нийтэд айдас түгшүүр зарлаад байгаа шинэ коронавирусын халдвараас манай улс найдвартай хамгаалсаар хэвээр байна. Өнөөдрийн байдлаар энэ өвчний тохиолдол бүртгэгдээгүй, улсын хил гааль дээрх хяналтаа сулруулаагүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Урд хөршид цагаан сарын баяр дуусч хил нээгдсэн. Энэ цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл Хятад улстай хиллэдэг бүхий л боомтоор 5 мянга гаруй Монгол иргэн эх орондоо иржээ. Маргаашнаас Монгол иргэдийг нэвтрүүлэх ажил зөвхөн галт тэрэг, онгоцоор хийгдэхээр төлөвлөгдсөн байна.

Өнөө өглөөний 11 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд шинэ коронавирусын халдвараар 20,624 хүн өвчилж, 632 хүн эдгэрч, 425 хүн нас барсныг ДэМБ-аас мэдээллээ. БНХАУ-аас гадна дөрвөн улс оронд шинээр халдвар бүртгэгджээ. Шинэ төрлийн коронавирус дэлхий даяар тархаж байгаатай холбоотойгоор БНХАУ-д суугаа Элчин сайдын яам халдварын бүс нутагт байгаа эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийг авчрах талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг албаныхан хэллээ.  

Нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар манай улсын 5,200 хүн БНХАУ-тай хиллэдэг бүхий л боомтоор орж ирсэн байна. Маргаашнаас эхлээд авто замаар иргэдээ оруулж ирэх ажил дуусна. Цаашлаад агаар болон төмөр замаар иргэдээ оруулж ирэх тул гадаадад байгаа иргэд тухайн улсад суугаа Элчин сайдын яам, консулд бүртгүүлэхийг анхааруулж байна.  

Өчигдөр Гашуун сухайт боомтоор 154 иргэн эх орондоо орж ирсэн байна. Тэдгээр иргэнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Түүнээс гадна, гаднаас орж ирж буй ачаа тээвэр, тэр дундаа далайн гаралтай бүтээгдэхүүнд онцгой анхаарч, шинжилгээ хийж, хяналт тавьж байгааг албаныхан ярьж байна.

Манай улс Япон улсаас 200 ширхэг коронавирусын оношлуур авсны 100 нь үлдсэн гэлээ. Харин дараа долоо хоногт дахиад 4000 оношлур вахаар болсон байна.

ФЭЙСБҮҮК ШУУД