Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирус өвчин дэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам өдөр бүр иргэдийг мэдээллээр хангаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад өвчин бүртгэгдээгүй, сэжигтэй тохиолдол ч гараагүй байгааг онцоллоо. Манай улс сайтар хамгаалж байгаа ч иргэдийг маскаа зүүж хувийн ариун цэврээ сайтар сахихыг санууллаа. Мөн урд хөршид шувууны ханиад дэгдсэн. Хэдийгээр хүнд халдварлаагүй байгаа ч анхаарал болгоомжтой байх нь зүйтэйг онцолж байна. Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа энэ цаг үед бага насны хүүхдээ олон нийтийн газар авч явахгүй байхыг дахин санууллаа.

Өнөөдрийн 08:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын 31,436 тохиолдол 636 нас баралт бүртгэгдээд байна. Өмнөх өдрөөс 3,174 шинэ тохиолдол илэрсэн. ДЭМБ-аас шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон. Үүнд сангууд хандив өргөж эхэлсэн тухай дуулгалаа.  

"ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан байна. Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарласан хяналтад оржээ. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан, эдгээр иргэдийн сорьцийг ХӨСҮТ-д авчран шинжилгээ хийж байгааг Д.Нямхүү захирал мэдэгдлээ.

Шинэ коронавирусын халдвартай зэрэгцэн шувууны томуу урд хөршид гарч байгааг ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Хэдийгээр манай улсад шувууны томуу бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах шаардлагатайг албаныхан хэлж байна. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж нийслэлийг тойрсон хөдөлгөөн ихтэй 8 постонд эрүүл мэндийн байгууллагаас тандалт судалгаа хийхээр болжээ.