Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн 2020.02.08-ны 08.00 цагийн байдлаар ДЭМБ-аас авсан мэдээллээр нийт тохиолдлын тоо 34,722 хүрч, нас баралтын тоо 722, нийт нас баралтын түвшин нь хоёр хувьтай хэвээрээ байна. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан тохиолдлын тоо бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа ч ахиад нэмэгдэж магадгүй.

Өнөөдрийн байдлаар шинэ коронавирус БНХАУ-аас гадна дэлхийн 24 улсад бүртгэгдсэнээс нэмж халдвар бүртгэгдсэн улс байхгүй. 24 улсаас гадна Токио хотын зэргэлдээх Ёкохома хотын боомтод өнгөрсөн Даваа гаригаас эхлэн карантин тогтоосон. Нийт 3700 зорчигчдоос 61 хүн халдвар авсан. Тус өвчний тархалтын зэргийг энэ усан онгоцны зорчигчдод аваад үзэхэд 1.6 хувь буюу хоёр хувиас доош байгаа.

БНХАУ-аас хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсаас гарч байгаа тоо баримтад үндэслэх юм бол 17000 мянган тохиолдол буюу 82 хувь нь хөнгөн явцтай, 15 хувь нь хүндрээд 3 хувь нь хүнд зэрэгтэй. Хүндрэл нь өндөр настай, архаг хууч өвчтэй настай хүмүүст илэрч байна. ДЭМБ-аас тархалт багатай улс орнууд хувийн хамгаалах хэрэгслүүдийг нөөцлөхгүй байхыг анхааруулж байгаа” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 6-нд тусгаарлагдсан есөн тохиолдлын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Тодруулбал, 6-ны өдөр ХӨСҮТ-д зургаан хүн, Дархан-Уул аймагт нэг, Ховд аймагт хоёр хүнийг тусгаарлаад байсан бөгөөд нийт есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Хоёрдугаар сарын 7-нд сэжигтэй тохиолдол ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдаагүй. Энэ бол сайн мэдээ” гэлээ.
ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн шөнийн дотор халдвар авсан хүний тоо 3000 гаруй, нас барсан хүний тоо 86 -аар нэмэгдсэн мэдээ байна. Тиймээс халдвараас өөрсдийгөө хамгаалах мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг хэвшүүлж, сонор сэрэмжтэй хариуцлагатай байхыг хүсч байна.
Мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өглөө.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

ФЭЙСБҮҮК ШУУД