Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирусын тохиолдол дэлхийн хэмжээнд 45 мянгыг даваад байна. Халдварын тархалт цаг минутаар нэмэгдэж байгаа учраас манай улсын хувьд тун эрсдэлтэй нөхцөлд байгаа юм.  Тиймээс олон нийтийг мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг сануулсаар байна. Мөн зөвхөн Хятад гэлтгүй халдвар тархсан бусад улс руу зорчихгүй байхыг анхаарууллаа.  Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гэж гарсан ч тайвшрах цаг болоогүй гэдгийг хэлж байна.  

Өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусын тохиолдол 45,168 бүртгэгджээ. Харин нас баралт 1,165  болж нэмэгдсэн байна. ДЭМБ-аас БНХАУ-д хоёрдугаар сарын 10-ны өдөр очиж ажилласан бол одоо Олон улсын зөвлөх баг БНХАУ-ыг зорихоор бэлдэж байгааг ДЭМБ-аас мэдээллэж байна.

Хоёрдугаар сарын 10-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарласан 12 хүнээс авсан шинжилгээний хариу гарч, коронавирус үгүйсгэгджээ.

Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Баян-Өлгий, Сүхбаатар, Дорноговь гэсэн долоон аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч ажиллаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ эрсдэл маш өндөр байгаа тул иргэд өвчлөл гарсан улс орон, гадны улсыг зорихгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа, орчноо ариутгаж, хариуцлагатай, ухамсартай байхыг уриалж байна.

УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД