Эрүүл мэнд

ДЭМБ-ын төв штаб байрладаг Швейцарын Женев хотноо мягмар гарагт дэлхийн өнцөг булан бүрээс 400-аад шинжээч мэргэжилтэн хуран цуглаж, коронавирусын дэгдэлтийн талаар хэлэлцэн, вирусын халдвараас сэргийлэх арга зам, эмчилгээний үр дүнтэй аргыг цаг алдалгүй боловсруулж, вакцин эм бэлдмэл гаргаж авах ажлын үйл явцын талаар хөндөн хэлэлцжээ. 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус дэлхийн улс орнуудад хандан коронавирусын халдварын эсрэг тууштай тэмцэж, бүхий л хүчин чадал, нөөц бололцоогоо дайчлахад уриалж байна. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ: -Бидэнд вирусын гаралтай халдварт өвчнийг тахлын хэмжээнд аваачихаас урьдчилан сэргийлэх, халдварыг таслан зогсоох бүхий л боломж байна. Бид боломж бололцоогоо бүх талаар эрэлхийлж байна. Бид боломжоо цаг алдалгүй ашиглаж, цаг алдалгүй хөдлөн, цаг алдалгүй арга хэмжээ авах нь чухал байна. Маргааш бид хоцрохвий гэдгээс сэргийлж өнөөдөр бүх боломж бололцоогоо шавхан ашиглах шаардлагатай байна гэжээ. 

Олон улсын эрдэмтэн судлаачид COVID-19 коронавирусын эсрэг вакцин гаргах ажилд бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Вирусын халдварт өвчний эсрэг вакцин гаргах, эм бэлдмэл гаргах судалгаа шинжилгээний ажлыг дэлхийн бүхий л томоохон лаборатори, судалгааны газрууд явуулж байна. Үүн дээр дэлхийн хэд хэдэн улс орон нэгэн зэрэг ажиллаж, хоорондоо цаг алдалгүйгээр судалгааны явц, мэдээллийн талаар солилцож байгаа юм. Британийн эрдэмтэд хамгийн түрүүнд вакцин гарган, одоо түүнийгээ ан амьтан дээр туршиж эхлээд байна. Өнөөдрийн нөхцөл байдал дэлхийн эрдэмтдийг хоорондоо өрсөлдөх биш хамтрахыг шаардаж байгаа юм.