Эрүүл мэнд

Халдвараас сэргийлэх гол арга зам бол хувийн хамгаалах хэрэгсэл. Тиймээс халуун цэг дээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд ДЭМБ-аас амны хаалт болон бусад хамгаалах хэрэгслийг гардуулан өглөө.  Дараагийн ээлжинд хил гааль гээд шат шатны байгууллагынханд өгнө гэж мэдэгдэж байна. Мөн манай улс Япон улсаас мянган ширхэг оношлуур нэмж авахаар болжээ.   

Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэхэд амны хаалт, ариутгагч гээд хувийн хамгаалах хэрэгсэл хамгийн чухал байгаа юм. Халдварын тархалтаас урьдчилсан сэргийлэх, халдвар гарсан тохиолодолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх тал дээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг албаныхан онцолж байгаа юм. Энэ цаг үед ДЭМБ-аас 2009 ам. Долларын үнэ бүхий хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халад гэсэн 5 нэр төрлийн эмнэлгийн хэрэгслүүдийг ЭМЯ-нд хүлээлгэж өглөө.

СЕРГЕЙ ДИОРДИЦА - ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

Орчуулга: Аливаа гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед бэлэн байдал хамгаас чухал. Монгол Улсын засгийн газар болон, Монгол Улсын Эрүүл мэндийн яам энэ цаг үед маш чухал, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа гэж ДЭМБ-аас харж байгаа. Шинэ төрлийн коронавирус дэлхийд бүртгэгдсэн анхны өдрөөс эхлээд л Монгол улсын Эрүүл мэндийн яам маш шуурхай хариу арга хэмжээ авч, цаг хожиж, бэлтгэл ажлаа хангаж, болзошгүй аюулаас иргэд, олон нийтээ урьдчилан сэргийлж чадаж байгаад ДЭМБ-аас Монгол улс, тэр дундаа Эрүүл мэндийн яамыг ихэд  үнэлж байгаа. Гэхдээ иргэд олон нийт санаа амарч тайвширч огт болохгүй. Халдвар нэмэгдэж, Монгол Улсын хувьд өндөр эрсэлтэй гэж үнэлэгдэж байгаа учир ЭМ-ийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг сайн биелүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Амны хаалтаа зүү. Гараа ариутга.

Тусламжаар ирсэн эдгээр эмнэлгийн хэрэгслийг ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.