Эрүүл мэнд

УНТЭ олон улсын стандартад нийцсэн дурангийн кабинеттай боллоо. Анх 1974 онд байгуулагдаж байсан тус кабинетыг засч тохижуулснаар хүчин чадал нь нэмэгдэж бохир, цэвэр урсгалтай болжээ.  Мөн шинжилгээний өрөө бүрт унтуулаг хийх, хянах өрөө, ариутгалын асуудлыг сайтар шийдэж өгсөн байна. 

Манай улсад дурангийн оношилгоо хийлгэх шаардлагатай иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал 2014 онд дурангийн оношилгоо хийлгэсэн иргэдийн тоо 14 мянгад хүрсэн байна. Хэрэгцээ шаардлага нэмэгдсэн ч тоног төхөөрөмж, өрөө тасалгааны багтаамж хүрэлцдэггүй байсныг тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэлж байна. Харин одоо бол дурангийн оношилгоонд өвчтнийг оруулахад тоног төхөөрөмжийн хүрэлцээ нэмэгдснээс гадна бохир цэвэр урсгалыг шийдэж өгсөн байна. 

Тус эмнэлгийн дотрын эмч нар өөрсдөө дурангийн оношилгоо хийдэг болсноос гадна Яаралтай түргэн тусламжийн төвд дурангийн кабинет ариутгалын хэсэгтэй ажиллуулж эхэлсэн байна. Ард иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй болгоход салбар яамнаас цаашид ч дэмжин ажилласаар байна гэж энэ үеэр салбарын сайд онцолж байлаа.

Гастроэнтерологийн төв нь 2006 онд Монгол Улсад анхлан видео эндоскопын дурантай болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Үүний дараагаар 2013, 2016 онд сүүлийн үеийн дурангуудтай болсноор илүү олон төрлийн оношилгоог хийх боломжтой болсон байдаг байна.

Ийнхүү дурангийн хэсгийг шинэчлэн сайжруулснаар дурангийн аппаратаар халдвар дамжих эрсдлийг бүр мөсөн байхгүй болгож байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байлаа.