Эрүүл мэнд

Шинэ төрлийн коронавирус өвчин гарсантай холбогдуулан манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. Үйлчилгээний байгууллагуудыг шөнийн 00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч байгаа юм. Аль болох олон хүн цуглуулахаас зайлхийж байгаа боловч Чингэлтэй дүүрэгт зарим аж ахуй нэгж дүрэм журам мөрдөхгүй байгааг гэнэтийн шалгалтаар зогсоолоо. Ингэж ажиллаж байгаа үйлчилгээний газруудыг хааж, торгохоос илүү мэргэжлийн байгууллага зөвлөгөө мэдээллийг сайтар өгч байна. Ашиг орлогоос илүү улс орон, нийтийн эрх ашиг, мөн өөрсдийн эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж ухамсартай байхыг санууллаа.

Чингэлтэй дүүргийн хувьд үйлчилгээний байгууллагууд дийлэнх нь цагтаа үйл ажиллагаагаа зогсоосон ч цөөн тооны аж ахуйн нэгжүүд шөнийн 00 цаг өнгөрч байхад үйлчлүүлэгчтэй байх тохиолдол байлаа. Тухайлбал “Face” “TIGER” /фэйс/ шөнийн цэнгээний газар шөнийн 00 цаг өнгөрч байхад хэд хэдэн үйлчлүүлэгчтэй, эсвэл сүүлийн хүнээ гаргаж байна гэсэн байдалтай байлаа. Мөн үйлчилгээний ажилтнууд нь амны хаалт зүүгээгүй, ариутгал хийсэн эсэх нь тодорхойгүй зэрэг байдалтай байсан юм. Шөнийн нэг цаг өнгөрч байхад караокены бүх өрөө нь хүнтэй, үйл ажиллагаа нь зогсох болоогүй үйлчилгээний газар ч шалгалтын үеэр илэрсэн юм.

Чингэлтэй дүүргийн хувьд томоохон зах худалдааны төвүүд, олон нийтийн хамарсан үйлчилгээний байгууллага олон. Хөл хөдөлгөөн хамгийн ихтэй хотын төвийн хэсэгт багтдаг зэрэг онцлог бүстэй. Шинэ төрлийн коронавирус халдвар тархах, хүнээс хүнд халдах эсрдэл өндөр байгаа энэ үед олон нийтийг бөөгнөрүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэн бүр хэрэгжүүлэх, хэн хэндээ шаардлагаа тавьдаг байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.