Эрүүл мэнд

Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусын халдварын талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас хүргэлээ. Манай улсад өвчний халдвар бүртгэгдээгүй. Хамгаалсан хэвээр байна. Харин манай улсын иргэдийн хамгийн их зорчдог Бүгд Найрамдах Солонгос Улсад COVID-19 өвчний тохиолдол сүүлийн 24 цагийн дотор 3 дахин нэмэгджээ. Тийм учраас Солонгос Улс руу зорчихгүй байх, энэ улсад ажиллаж амьдарч байгаа иргэд ариун цэврээ сайтар сахиж, гадуур явахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

БНХАУ-аас гадна дэлхийн 26 улсад шинэ төрлийн коронавирусын халдвар бүртгэгдээд байгаа юм. Ялангуяа БНСУ-ын Сөүл, Тэгү, Чэжү, Гуанжу гэсэн дөрвөн том хот, зургаан мужид COVID-19 халдвар бүртгэгджээ. Тэгү хотод халдвар эрчимтэй тархаж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар Солонгос улсад гарсан тохиолдлын тоо 3 дахин нэмэгджээ. Энэ сарын 20-нд 53 тохиолдол нэмэгдсэн бол өнөө өглөөний 9:00 цагийн байдлаар дахиад 52 тохиолдол бүртгэгдсэн байна.

Хятад Улсаас гадна манай улсын иргэдийн хамгийн их зорчдог улсууд болох Хонконг, Япон, Солонгос, Сингапур, Тайвань, Тайланд улсууд халдварын голомт болж байгаа учраас өвчлөл гарсан улс орон руу зорчихгүй байж тухайн улсын Эрүүл мэндийн яам болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа заавар зөвлөмжийг тогтмол хэрэгжүүлэхийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Харин манай улсад халдвар бүртгэгдээгүй байна. Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн оюутнуудыг ажиглалтад авсан. Тэдний биеийн байдал сайн. Шинжилгээний хариу одоогоор гараагүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хэдийгээр шинэ төрлийн коронавирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй ч иргэд санаа амарч болохгүй. Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, амны хаалтаа зүүх, гараа ариутгах, олон нийтийн үйл ажиллагаагаа зохиохгүй, оролцохгүй, өвчлөл гарсан улс руу зорчихгүй, хариуцлагатай, ухамсартай байж халдвараас сэргийлж чадахыг ЭМЯ-наас анхааруулж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ