Эрүүл мэнд

Өнөөдөр мөн иргэн Доржпүрэв найз нөхдийн хамтаар халдвараас сэргийлэх ажилд 20 сая төгрөг хандивлалаа. Тэрээр нийгмийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа албан хаагчдын хамгаалах хувцас хэрэглэлд зориулж ийнхүү хандив өргөж байна.  

 

Дэлхий нийтийг түгшээж байгаа шинэ төрлийн коронавирусийн тархалт өнөөдөр 17 цагийн байдлаар дэлхийн 51 оронд бүртгэгдэн хурдацтай нэмэгдэж байна. Монгол улс тус вирусээс сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Тэр дундаа эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид халуун цэгт цаг наргүй ажилласаар байна. Тиймээс дээрх алба хаагчдын аюулгүй байдалд анхаарч хувцас хэрэглэлээр хангах ажилд зориулан иргэн Д.Доржпүрэв түүний гэр бүл, хамт олноос 20 сая төгрөгийг хандивлалаа.

Тэрээр 20 сая төгрөгийг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад гардуулан өгсөн юм. Үүнээс гадна шаардлагатай тохиолдолд унаа тэргээр тус болох бүрэн боломжтойгоо онцолж байлаа. Мөн энэ хариуцлагатай цаг үед эрүүл мэндээ хамгаалах чиглэлээр төр засгаас гаргасан шийдвэрийг мөрдөж, хувь хүн иргэн , аж ахуй нэгжүүд өөрийн боломжид тулгуурлан тусламжийн гараа сунгах хэрэгтэйг уриаллаа.