Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 коронавирусын эсрэг хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд нийт 812 иргэнийг ажиглалтад авч тусгаарлаад байсан бол өнөөдрийн байдлаар 435 иргэн хяналтад байна.  3 сарын 1-ний байдлаар Сэлэнгэ аймагт 3 иргэнийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулжээ. Эдгээр иргэдийн хариу сөрөг гарсан байна.  Харин өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д хоёр, Налайх дүүрэгт нэг иргэнийг тусгаарлажээ. 

Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод тусгаарлах байрыг шинээр байгуулсан. Одоогоор тусгаарлах байрны ачаалал 50 хувьтай байна. Сэлэнгэ аймагт нэг, Дархан-Уул аймагт 21, Багабаян сувиллын газарт 78 зэрэг нийт 400 гаруй иргэнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна. Гуравдугаар сарын нэгэнд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт гурав нийт таван сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулсан. Эдгээр тохиолдлууд шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.

Covid-19 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орны тоо 64 байсан бол өнөөдөр 9-өөр нэмэгдэн 73 хүрээд байна. Шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа гол шалтгаан нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбоотой. Иймд халдварын тохиолдол бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхаарууллаа. Сүүлд Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нийт 111 зорчигч ирснээс сэжигтэй гэсэн 16 тохиолдлыг тусгаарлаад байна.

Дадлагажигч эмч, анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнуудын судалгааг гаргасан. Эдгээр оюутнууд авто тээврийн хяналтын цэг болон тусгаарлах байруудад томилогдон ажиллаж байна. Мөн БНХАУ, БНСУ, Япон зэрэг улс орнуудаас ирж байгаа иргэдийнхээ халууныг хэмжиж, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах арга хэмжээг авч байна.

 ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ