Эрүүл мэнд

ДЭМБ-аас ирсэн зөвлөх баг манай улсын хэд хэдэн гуравдугаар шатлалын эмнэлэгт ажиллаад байна. Тэдний харснаар манай улсад халдвар гараагүй нь том амжилт гэж үзэж байна. Мөн дэлхийн нийтийг хамраад байгаа халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдал маш сайн байгааг тэд хэлж байна. Цаашид нийгмийг хамарсан халдварт өвчний үед хэрхэн ажиллах, ямар арга хэмжээ авах зэргийг эмч мэргэжилтнүүдэд сургалтаар олгох юм байна.

Итгэмжлэгдсэн багийн гишүүдийн өгч байгаа зөвлөмжид халдвар гараагүй манай улсын хувьд хувийн хамгаалах хэрэгслийг шаардлагагүй үед хэрэглэж байгааг хэлж байна. Мөн иргэд мэс заслын маск зүүгээд явахад халдвар авахгүй байх боломжтой. N95 стандартын маскийг халдвар хүндэрсэн нөхцөл байдалд зүүх ёстойг зөвлөлөө. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл тэр дундаа комбинзон өмсгөлийг өндөр бэлтгэгдсэн эмч мэргэжилтнүүд зөв өмсөж тайлах ёстойг хэлж байна. Учир нь комбинзон өмсгөлөө тайлахдаа биедээ нааж халдвар авах, эсвэл сэгсрэх зэргээр халдварыг тархаах эрсдэлтэйг анхаарууллаа.

Коронавирус нь дуслаар дамжих магадлал маш өндөр болохыг зөвлөх багийнхан хэлж байна. Тодруулбал вирус дангаараа агаарт дэгдэж бусдад халдах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тиймээс найтаах ханиах үедээ амны хаалттай байх эсвэл тохойгоо нугалж амаа хааж байхыг зөвлөлөө. Мөн ил задгай хаяж байгаа нус цэр, шүлс зэрэг үсэрснээс бусдад коронавирусын халдвар тархах эрсдэл бийг тэд онцоллоо. Эдгээр болон халдварын үед хэрхэн ажиллах шаардлагатайг сургалтаар нарийвчлан заах юм байна.